Өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-ын Буриадын Спорт, Залуучуудын Бодлогын Яамны төлөөлөгч Дашибальжиров Баир Дашиевич БНХАУ-ын ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын товчооны хүүхдийн спортын газрын дарга Чин Инг нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү төлөөлөгчид нь 2017 онд Монгол Улсад зохион байгуулагдах Монгол туургатан хүүхдийн спортын VII наадмын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн уралдаан болон "Спорт хүүхдийн төлөө" олон улсын уулзалт- зөвлөгөөнд оролцож өөрийн орны болон бүс нутгийн хүүхэд, залуучуудын биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилт, шаардлага, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавих зорилгоор ирсэн юм.
Айлчлалын үеэр 3 орны төлөөлөгчид "Монгол туургатан" VII хүүхдийн наадмыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө болон наадмын зааврыг хэлэлцэх ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, тус наадмын зааврыг эцэслэн тохирч, 11 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэн зурна.
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхэд, залуучуудын дунд олимпийн хөтөлбөрт багтдаг спортыг хөгжүүлэх, Монгол үндэсний спортыг сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хүүхдийн Спортын Олон Улсын наадмыг манай улсын санаачлагаар 2009 онд Улаанбаатар хотноо анхны наадмыг зохион байгуулсан. Талуудын тохролцсоноор цаашид наадмын төрлийн тоог нэмэгдүүлэх, Олимпийн наадамтай жил өнжиж байхаар тохиролцсоны дагуу 3 улсад тус бүр 2 удаа наадмыг зохион байгуулаад байна.
Анхны наадмыг спортын 5 төрлөөр 300 тамирчин оролцуулан зохион байгуулж байсан бол Улан-Үдэд зохиогдсон VI наадам спортын 8 төрлөөр 350 гаруй тамирчныг хамруулан зохион байгуулагдсан.
Наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрөл:
Жүдо бөх, Бокс, Чөлөөт бөх, Байт Харваа, Шатар, Хөнгөн Атлетик, Волейбол, Ширээний теннис.
Монгол Улсад 2017 онд VII наадмыг спортын хэдэн төрлөөр зохион байгуулахыг энэ удаагийн уулзалт зөвлөгөөнөөр хэлэлцэж тохирно.
2017 оны олон улсын хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэх ажлын хүрээнд “Спорт-Хүүхдийн төлөө” олон улсын хэлэлцүүлгийг 2016 оны 11 сарын 25-нд Блю скай зочид буудалд зохион байгуулах юм. Уулзалтанд ОХУ-ын Саха улсаас “Азийн хүүхдүүд” хүүхдийн спортын наадмын Олон Улсын Зохион байгуулах хорооны төлөөлөгчид танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцоно.
ЭХ СУРВАЛЖ: БСШУСЯ