Дуучин Б.Батжаргал 10 мянган ам.долларын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.24-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Батжаргал 10 мянган ам.долларын эзэн боллоо

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингисийн одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид болон үндэсний хөгжмийн зэмсгийн хөгжимчдийн олон улсын II уралдаан өчигдөр /2016.11.23/ үдэш Дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, тэргүүн байрын эзэн тодорчээ. Тус  театрын залуу уран бүтээлч  Б.Батжаргал Гран-при шагналын эзэн болсон бол дуучин  Э.Отгонбат дэд байрт шалгарчээ.  

Уралдаанд үндэсний хөгжмийн төрөлд морин хуур, хуучир, ёочин, шударга, ятга, лимбэ гэсэн зургаан төрөлд өрсөлдсөн байна. Мэргэжлийн дуучдын хувьд сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар нийт 80 оролцогч оролцож, ур чадвар, авьяас билгээрээ өрсөлджээ.

Уралдааны дуулаачдын төрлийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Хөгжим бүжгийн коллежийн захирал Г.Эрдэнэбат, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, ОХУ-ын дуурь, бүжгийн академик театрын ерөнхий удирдаач болон Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар ажиллажээ. Харин Монголын үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, БНХАУ-ын пропессер болон хөгжмийн зохиолч Ч.Чинбат нар үндэсний хөгжмийн төрлийг тус тус шүүжээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж