-Дэлхийн дэглэм улам ойлгомжгүй болж байгаа энэ үед азичууд хувь заяагаа өөрсдөө гартаа авч, улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам нягтруулах шаардлагатай-
Энэ зуун Азийн зуун болно гэж олон хүн ярьж байгаа. Олон ч эрдэмтэн судлаач энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байна. Тэдний нэг Өмнөд Солонгосын Их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн захирал, эдийн засгийн ухааны профессор Ли Жон Ха дараах нийтлэлийг www.project-syndicate.org сайтад нийтлүүлжээ. Тэрбээр Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн интеграцийн офисийн ахлах эдийн засаг, тэргүүнээр ажиллаж байсан. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мун Бакын зөвлөхөөр ажиллаж байсан.
Дэлхийн эдийн засагт Ази тивийн эзлэх байр суурь өсөн нэмэгдсээр байгаа нь маргашгүй зүйл. Энэ бүс нутагт өнөөдөр дэлхийн нийт ДНБ-ий 40 хувийг үйлдвэрлэж байна. Сүүлийн эдийн засгийн хямралын үеэр ДНБ-ий тал хувийг энэ тив бүрдүүлсэн. Энэ бүс нутагт оршин суугаа хүн амын тоо, дэлхийн улс төрд үзүүлж буй улс төрийн нөлөө улам өссөөр байгааг тооцох юм бол олон жил Барууны давамгайлж байсан дэлхийд Ази тэргүүлэх байр суурьт гарч ирнэ.
Гэсэн ч оргилуун дарс буудуулахад арай эрт байна. АНУ болон Европ тивийн улс орнууд стратегийн нөлөөллөө алдаагүй хэвээр байгаа бөгөөд Азийн ихэнх улс оронд улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын шийдвэрлэх асуудал олон байна.
Үнэн хэрэгтээ Азийн гайхуулж байсан өсөлт саарсан. Сүүлийн арван жилийн турш толгой эргэм өндөр авсан эдийн засгаа зөөлөн газардуулахын тулд Хятад хичээн ажиллаж байна. Япон эдийн засгийн өсөлтийн хурдаа нэмэх гэж ядахын хажуугаар хүн ам нь хэт хөгширч байгаад зовинож байна. Азийн бусад томчууд болох Энэтхэг, Индонез, Өмнөд Солонгос тус бүр өөр өөрийн онцлогтой эдийн засаг-улс төрийн элдэв асуудлаа шийдэхээр оролдож байна. Нийтдээ энэ бүс нутагт тулгарч байгаа гол асуудлууд бол орлогын тэгш бус байдал, санхүүгийн тогтворгүй байдал, хөгжилд нь нөлөөлөүйц хэмжээнд хүрсэн байгаль орчны асуудал юм.
Хэдийгээр улс болгон харилцан хамааралгүй өөр өөрийн асуудалтай ч аль болох хамтдаа асуудлыг шийдэх гэж зорьж байна. Нэг нэгнээ давах гэсэн өрсөлдөөн, түүхэн гомдлууд, газар нутгийн маргаан, эдийн засгийн болон цэргийн хүчний харилцан адилгүй байдал нь азичуудын нэгдэх үйл явцад саад болж байна. Хятадуудын саяхны үйлдэл, Энэтхэг дэх үндсэрхэг үзлийн сэргэлт, Япон дахь консерватизм руу хандсан алхам зэрэг нь үүний илрэл юм.
Барууны орнууд улам дангаарших тал руу явж /үүний жишээ нь их Британийн Брехсит, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан явдал/ байгаа энэ үед бүс нутаг хоорондын хөрөнгө оруулалт, худалдаа өмнө байгаагүй чухал асуудал болж байна. Интеграцчлах үйл явц нь эдийн засгийн үр өгөөжөөс гадна улс төрийн ашиг өгч байгаа учраас Азийн улс орнууд нэгдэн нягтарснаар олон улсын тавцанд давуу байдалтай болно. Гэхдээ ийм үр өгөөжийг амсахын тулд Азийн улс орнууд улс төр, цэргийн зөрчилдөөнт асуудлуудаа зөөлрүүлж, бүс нутгийн урт хугацааны интеграцийн концепцийг боловсруулах шаардлагатай.
Ази тив дэлхийн аюултай, халуун цэгийн нэг байсаар байгаа. Өмнөд Хятадын тэнгист зэвсэгт мөргөлдөөн гарах аюул байсаар байна, НҮБ болон АНУ-ын хоригийг үл тоон Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлж, тив алгасах пуужингаа туршсаар байна. Ийм нөхцөлд Азийн улс орнуудын хоорондын нягт хамтын ажиллагаа, цаашлаад дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажилласнаар Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэж болно.
Энэ зорилгоор хэд хэдэн байгууллага бий болсон. Тухайлбал, АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн улс орнуудын ассоциац, АСЕАН+3 буюу АСЕАН-ы гишүүд дээр нэмээд Хятад, Япон, Өмнөд Солонгос, мөн Зүүн Азийн саммит буюу EAS байна. Эдгээр байгууллага зөрчилдөөнт асуудлуудыг шийдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж энх тайвныг тогтоох, улмаар бүс нутаг цэцэглэн хөгжиж дэлхийд давамгайлахад тус болно.
Гэвч энэ нь зөвхөн эхний алхам. Нэгдэн нягтрах талаар Азийн улс орнуудын тэргүүн нар ямар бодолтой байгаа нь тодорхойгүй. Европын холбооны жишээгээр аваад үзэх юм бол энэ үйл явцыг түргэтгэх шаардлага байхгүй. Европын холбооны үндэс нь 1951 онд байгуулагдсан Нүүрс, гангийн нийгэмлэг бөгөөд үүнээс хойш үйл явц үргэлжилсээр 1993 онд Европын холбоог байгуулсан. Гэхдээ энэ бол урт хугацаа, бас нөр их зүтгэл.
Магадгүй, бүс нутаг тодорхой нэг салбар, чиглэлээр хамтран ажиллахаа ярилцан тодорхойлох нь нэгдэж, нягтрах үйл явцаа эхлэх хамгийн зөв зам байж магадгүй. Энэ нь илүү богино хугацаанд үр ашгаа өгөх болно. Жишээ нь, Азийн улс орнууд нэгдсэн нэг дүрэм журмаар зохицуулагддаг нэг зах зээлтэй болж, ажиллах хүчийг /тэр дундаа мэрэшсэн/ чөлөөтэй солилцож болно. Одоо яригдаж байгаа АСЕАН болон түүний түнш зургаан улс болох Австрали, Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеландын хооронд байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлбэр нь энэ чиглэлд хийх чухал алхам байх болно.
Хил дамнасан хөрөнгийн урсгал их байдгийг бодолцон Ази тивд санхүүгийн нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай, мөн хямралаас сэргийлэх, хямралыг удирдах менежмэнтийг боловсруулах шаардлагатай. Чиангмайн санаачилгыг дэмжих нь нэг гол зорилго. Энэ санаачилгаар 240 тэрбум ам.долларыг своп хэлэлцээрээр байршуулж, энэ хөрөнгийн зарцуулалтад АСЕАН+3-ын Макро эдийн засгийн Судалгааны төв хяналт тавих юм. Энэ ОУВС-гийн Азийн Валютын сан гэсэн хувилбар байх бөгөөд өргөн гишүүнчлэлтэй байх юм.
Дээр дурдагдсан санал, санаачилга нь одоо байгаа бүс нутгийн улс хоорондын болон бүс нутгийн, цаашлаад олон улсын ямар нэг байгууллагынг өөрчлөн шинэчлэх зорилгогүй. Харин ч Азийг илүү чадварлаг, гоцлон тоглогч болгож, шинээр бий болгосон худалдаа, санхүүгийн арга хэмжээнүүд нь одоо үйлчилж байгаа механизмийг дэмнэж, хүчирхэгжүүлнэ.
Эдгээр санал санаачилгаас гадна хувийн хэвшлийнхэн, бизнесийн топ менежерүүд, эрдэмтэн судлаачид интеграцчлах үйл явцыг идэвхтэй дэмжих хэрэгтэй. Энэ бол тийм ч хэцүү зүйл биш. Эцсийн дүндээ интеграц гэдэг бол эдийн засаг, нийгмийн бодлогоос эхлээд шинжлэх ухааны үнэт туршлага, мэдлэгээ харилцан хуваалцахын нэр.
Бүс нутгийг хамарсан хэлэлцүүлэг, форум нь өөр бусад асуудлууд болох хил дамнасан зөрчлүүд, халдварт өвчний тархалтын үед, байгалийн гамшиг торхиолдсон үед, мөн байгаль орчныг хамгаалах чиглэлд сайн нөлөө үзүүлнэ. Иргэн иргэн рүүгээ хандсан харилцаа нь Азийн улс орнууд соёлоо таниулах, үнэт зүйлсээ хуваалцах, тухайн улс оронд сул байгаа зүйлийг нөхөх, хөгжүүлэх ач холбогдолтой.
Дэлхийн дэглэм улам ойлгомжгүй болж байгаа энэ үед азичууд хувь заяагаа өөрсдөө гартаа авч, улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам нягтруулах шаардлагатай. Хэрвээ Азийн улс орнууд эдийн засгийн хөгжлийн асуудал, улс төрийн харилцан ойлголцол дээр нэг байр суурьтай байж чадвал энэ зуун Азийнх болно.
Бэлтгэсэн А.ШАРАВ