Ардчилсан намын Үүрүүдийн холбооноос анхан шатны гишүүдээ сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа.
Намын шинэчлэл яригдаж байгаа энэ үед иргэдтэй хамгийн ойр ажиллаж тэднийг төлөөлөн ажиллаж байгаа газар орныхоо онцлог, хөгжлийн гарцыг хэнээр ч хэлэлтгүй мэддэг мэдэрдэг үүрүүдийн гишүүд нэг дор цуглаж намдаа болоод байгаа асуудлуудаар өөр өөрсдийн байр сууринаас хэлэлцэн ярилцлаа.
Хэлэлцүүлэгт оролцогсод “АН-ын шинэчлэл дээрээ хэдэн дарга нарын хүрээнд биш дороосоо анхан шатнаасаа эхлэх ёстой, өнөөдрийг хүртэл шинэчлэлийг хэдэн фракцийн дарга нар, намын даргад нэр дэвшигчид л хоорондоо ярьж хэвлэл мэдээллээр маргаж байна. Яг жинхэнэ шинэчлэлийг АН-ын 170 мянган жирийн гишүүд л намын анхан шат дээрээ ярьж хэлэлцүүлэх хэрэгтэй. Ийм шинэчлэл л бүх нийтийн дэмжлэг авч жирийн гишүүдийн саналыг оруулах боломжтой.
Манай намын гол зовлон бол дотоод сонгууль хийхээ байснаас бүх шатны дарга нар намын анхан шатаа үл тоомсорлож гишүүдийнхээ дэмжлэггүй болсонд оршиж байна. Өнгөрсөн сонгуулиар намдаа гомдсон, гологдсон олон гишүүд намын дарга нараа хашраах гэж эсрэг санал өгсөн гэж би боддог. Дотоод ротаци байхгүй болсоноор ҮЗХ-ны гишүүд анхан шатанд очиж үзэгдэхгүй, орон нутгийн сонгуульд туслахгүй, ер нь утсаа ч авахаа больсон. Тиймээс намын шинэчлэлийг одоогийн ҮЗХ, одоогийн дарга нар хийж чадахгүй. АН-д дарга нар ирж л байдаг, явж л байдаг, Харин жирийн гишүүд л үлддэг. Тиймээс гишүүдээ сайн сонсоосой гэж бодож байна” хэмээн үзэл бодлоо солилцсон юм.
Үнэхээр ч намын жирийн гишүүд юу бодож, юу хүсэж байгааг намын удирдлага огт сонсохгүй байсаар удаж байгаа юм. АН дүрмийн шинэчлэл хийж байгаа бол анхан шатны эрх мэдлийг нэмэгдүүлэх, бүх шатны сонгуульд нийт гишүүдийн 51 хувиас дээш ирцтэй тохиолдолд шийдвэр хүчин төгөлдөр болдог заалтыг оруулж өгөх ёстой. Үгүй бол хамаатан, садан, компанийн ажилчид, цүнх баригчдаа цуглуулаад нийт гишүүдийн өмнөөс шийдвэр гаргаад байдаг энэ завхарлыг арилгахад хэцүү гэдэгт тэд санал нэгтэй байлаа.
Мөн АН-ын дарга нар фракцийн зөрчлөө анхан шатны хороод дээр чирж ирээд жирийн гишүүдээ талцуулж, хуваадгаа болих ёстой зэрэг олон асуудлаар Үүрүүдийн дарга нар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Р.ТУУЛ