Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

С.Зоригийг дурслаа

Өнөөдөр ардчилсан хөдөлгөөний лидерүүдийн нэг С.Зоригийн төрсөн өдөр тохиож байна. Түүний эхээс мэндэлсэн өдрийн өглөө МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд С.Зоригийн нэрэмжит танхимыг нээлээ. С.Зориг агсан Москвагийн Улсын Их Сургуулийг дүүргэж ирээд энэ сургуульд багшилж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн юм. Бас түүний эцэг Д.Санжаасүрэн 1970-аад онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультет буюу өдгөөгийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд декан байв.
Бага үд буюу 11.30 цагт Төв шуудангийн өмнөх С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслол эхэллээ. С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн С.Оюун, нөхөр Ч.Энхбаярын хамт, мөр зэрэгцэн ардчиллын төлөө тэмцэж явсан МоАХ-ны ахмад гишүүд, ИЗН-ынхан түүнийг дурсахаар цугларчээ. УИХ-ын гишүүн асан, тухайн цагийн социал демократууд болох А.Ганбаатар, Р.Нарангэрэл, ардчиллын анхдагчийн нэг малыш Энхтүвшин нар хамгийн түрүүнд шахам ирсэн харагдав. Ардчиллын хонхны дууч Н.Энхбаяр, С.Зоригийн анд найз, хөшөөг нь бүтээсэн уран барималч Б.Дэнзэн гээд дотнын нөхөд нь ирсээр байлаа. Сагс дүүрэн улаан, шар, цагаан сарнай цэцгийн баглааг МоАХ, ИЗН-ынхан С.Зоригийн даруухан хөшөөний өлмийд өргөлөө. Ирсэн хүн бүр шахам ширхэг улаан сарнайг андынхаа хөшөөний өмнө өргөсөөр.

Саяхан болтол түүний хөшөөнд татах дуртай Стюардесса тамхийг нь тавьдагсан. Одоо харин цаг хугацаа улирч, хуучин цагийн Болгарын тамхины үйлдвэрийн тэр бүтээгдэхүүний бараа тасарчээ,
Энэ хаврын анхны шахам дулаахан энэ өглөө С.Зоригийн анд нар ийнхүү цугларч нөхрөө дурссан юм. Тэд толгой дараалан ардчиллын лидерийг хөнөөсөн хэрэгтнийг олохыг хүсч буйгаа хэлж байв. Нэхэл тасрахгүй гэдгийг андууд нь ам нэгтэй ярьж байлаа.
Яагаад ч юм энэ удаа төр, засгийн өндөрлөгт хүрсэн андуудаас нь ирсэнгүй. УИХ-ын гишүүд, сайд нар, улс төрийн намуудын томчуудаас харагдсангүй. Жинхэнэ ясны найз нөхөд нь л цугларчээ. Харин дэргэдүүр өнгөрч явсан жирийн иргэд хэрэг болгон зам хазайж хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлж байлаа. “Хөшөө тийш зурайх ардын зам балрахгүй” гэгчээр С.Зориг агсны дурсамж ордны томчуудын бус жирийн иргэдийн сэтгэлд гүн шингээстэй байдаг ажээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж