Д.Амгаланбаатар: Алт, мөнгөний “ид, шид”-ийг тогтоохоор судалж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.30-нд нийтлэгдсэн

Д.Амгаланбаатар: Алт, мөнгөний “ид, шид”-ийг тогтоохоор судалж байна

АШУИС-ийн зөвлөх багш, академич, доктор, профессор Д.Амгаланбаатараас алт, мөнгөн зүү хийгээд ялтас эмчилгээний талаар тодруулав.


Монголын уламжлалт анагаах ухаанд зүү эмчилгээ нэлээд том байр суурь эзэлдэг. Бүр үнэт металл болох алт, мөнгөн зүү тавьдаг. Энэхүү эмчилгээний түүхээс эхлээд сонирхоё доо?

-Зөвхөн Монголын гэлтгүй дорно дахины анагаах ухааны эмчилгээний нэг гол арга бол яалт ч үгүй зүү тавих юм. Рефлекс эмчилгээ ч гэдэг. Биологийн идэвхитэй цэгүүд дээр зүү тавина гэсэн үг л дээ. Алт, мөнгөн зүүний хувьд анх яг хэзээнээс хэрэглэснийг тодорхой хэлэх боломжгүй. Хамгийн баттай, тодорхой мэдээлэл гэвэл 16 дугаар зууны үед бичигдсэн гэх анагаах ухааны “Дөрвөн үндэс”-ийн тайлбарт бичсэн байдаг юм. Алт, мөнгөн зүү эмчилгээ заримд нь тус болсон л байх. Нөгөө хэдэд нь нөлөөлөөгүй ч байж мэднэ. Ер нь хоёр талтай л юм даа.

Европын анагаах ухаанд энэ талаар тодорхой мэдээлэл байдаг уу?

-Тодорхой тайлбар байхгүй. Рефлекс эмчилгээ л гэдэг.

Сүүлийн үед энэхүү эмчилгээний талаар нэлээд ярих боллоо?

-Бид судалж байна. Шавь нар маань нэлээд суурьтай судалгаа хийж байгаа. Одоогоор ажиглагдсан зүйл гэвэл хэрлэг төст өвчин буюу үе мөчний зарим эмгэгийн хурц хэлбэрт сайн байж мэдэхээр юм. Харин архаг эмгэгт нөлөөлөх нь эргэлзээтэй санагдсан шүү. 

Хэрхэн судалдаг юм бэ?

-Эхлээд цагаан хулгана дээр туршсан. Хүнд тусдагтай адил эмгэгийг цагаан хулганад үүсгээд туршилт явуулна гэсэн үг. Тэднийг найман бүлэг, дотор нь А, Б хэсэгт хуваагаад судалсан. Хяналтын бүлэг ч байгуулсан.

-Юу ажиглагдав?

-Бид зүү биш, түүнийг орлох ялтас хэрэглэсэн юм. Нэгдүгээр бүлэгт үрэвсэл үүссэн газрын арьсан дор алт, мөнгөн ялтас суулгасан. Алтан ялтас суулгасан газарт үрэвслийн процесс шимэгдээгүй. Харин мөнгөн ялтас суулгасан хэсэгт үрэвсэл багассан нь ажиглагдлаа. Хоёрдугаар бүлэгт ялтсуудаа үе мөчний эмгэгийн эмчилгээний практикт хэрэглэдэг ибубруфен эмтэй хослон хэрэглэв. Нэгдүгээр бүлгийг бодвол харьцангуй үр дүн гарсан. Мөнгөн ялтас дээр илт сайжирсан нь ажиглагдсан даа. Гуравдугаар бүлэгт алт, мөнгөө нано уусмал болгоод хэрэглэв. Үйлчилгээний үр дүн сайн гарлаа. Даравдүгээр бүлэгт мөн адил үр дүгтэй ч нэг сэжиг төрсөн. Амьтдын дотор цул эрхтэнд сөрөг нөлөөтэй байж мэдэхээр санагдав. Одоо үхүүлэх тун туршихаар зэхэж байна. Алт, мөнгөний хорын талаар уламжлалт анагаах ухаанд тодорхой дурьдаагүй юм билээ. Европ анагаах ухаанд тун хэтэрвэл алт, мөнгө аль нь ч хортой байж болзошгүй гэхээс өөр тодорхой юм хэлээгүй байна лээ. Ялангуяа алтны хувьд амьтны цусан дахь концентраци нэмэгдэж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, тун хэвийн хэмжээнээс хэтэрвэл амьтны дотор, тэр дундаа элэг, дэлүү, бөөр мэт эрхтэнд хортой байж мэдэшгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ гэж үзэж болно. Өвчтэй хүмүүст хийсэн туршилт, судалгаагаар зарим талаар ахицтай байж мэдэхээр байгаа. Судалгаа үргэлжилж байна. Хүнд ялтас суулгах тийм таатай зүйл биш л дээ. Тэгэхээр алт, мөнгөн зүү хэрэглэх нь зөв байх. Тэгэхдээ өвчний хурц хэлбэрт хэрэглэх нь зүйтэй байх аа. Гэхдээ Европын анагаах ухааны эмэн эмчилгээтэй хосолсон нь дээр байж мэднэ. Тийм ч байх ёстой. Тухайлбал, моксик гэдэг эмийг хэрэглэж болох юм.

-Цаашдаа яах гэж байна? 

-Судалгааны эцсийн үр дүнгээс шийд гарна. Алт, мөнгө, нано уусмалыг хэрхэн хэрэглэх нь тодорхой болно гэсэн үг ээ. Нэг л гэм бий. Бодисууд хэтэрхий үнэтэй тусах биз. Уламжлалт анагаах ухаанд бэлэн байсан жороор тан уулгаж туршихад харин эерэг үр дүн гарсан шүү.

-Та хүний бие бүтэц судалдаг хүн яагаад үүнийг барьж авав?

-Шавь Батзориг маань миний удирдлага дор судалгаа хийж байгаа. Ард түмний дотор тархсан асуудалд хариу өгөх нь чухал юм л даа.

Ярилцсан Г.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж