Ардчилсан нам ингэж өөрчлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам ингэж өөрчлөгдөнө

Ардчилсан нам арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа үндсэн дүрмээ шинэчлэхээр болсон.

Дүрмийн шинэчлэлээр гишүүдээ цахимжуулах, санхүүжилтээ нээлттэй болгох, мөн ҮЗХ-ны гишүүдийнхээ тоог өсгөх, намын даргаа намын бүх гишүүдээсээ сонгодог болох зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Тус намын ҮЗХ-ноос Их хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилжээ. Харин намын дүрмийн шинэчлэл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалж байна. 

25 жилийнхээ ойн хүрээнд бодлогын нам болно гэж зарласан Ардчилсан намын хувьд VI Их хурал онцгой, түүхэн ач холбогдолтой болно гэсэн хүлээлт бий.

  1. Ардчилсан намын Их хуралд 1210 төлөөлөгч оролцоно. Тодруулбал, 330 гаруй сум, 152 хороо, есөн дүүргээс төлөөлөгч сонгон, Их хуралдаа оролцуулах юм байна. Тус намын анхан шатны байгууллагаас төлөөлөгчөө сонгох хурал энэ сарын 30-ныг хүртэл явагдах аж.

  2. Ардчилсан нам хагас босоо тогтолцоотой нам болно. Ардчилсан нам одоогоор удирдлагын хэвтээ тогтолцоотой байгаа билээ. Тус нам дахь фракцийн хуваагдлын шалтгаан нь “Хэвтээ тогтолцоон”-доо байдаг гэж М.Энхсайхан нэгэнтээ дүгнэж байв.

  3. Намын даргаа татвар төлсөн, саналын эрхтэй бүх гишүүдээсээ сонгодог тогтолцоотой болох гэнэ. Түүнчлэн аймаг, дүүрэг, нийслэл, сумын намын хорооны даргыг бүх гишүүдийн саналаар сонгоно. Харин сонгогдсон намын даргыг дээд шатны намын дарга нь батламжлахаар болж байгаа аж. Харин татвараа төлөхгүй бол Ардчилсан намын гишүүн хэвээрээ байх ч, харин намын дотоод сонгуульд санал өгөх эрхгүй байх гэнэ.

  4. Намын бүх гишүүдийнхээ мэдээллийг цахимжуулна. Ардчилсан намын гишүүний бүртгэл хамрагдсан иргэн сардаа 1000, жилдээ 12 мянган төгрөгийн татвар төлнө. Ингэснээр Ардчилсан нам Монголын улс төрийн бодлого, улс төрийн намуудын санхүүжилтэд шинэчлэл хийнэ гэж үзэж байгаа аж.

  5. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоог нэмэхээр яригдаж байна. Одоогоор тус намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй. Гэвч сүүлийн таван жилд тус намын ҮЗХ-нд ротаци явагдаагүй болно. Шинэ дүрмээр ҮЗХ-ны гишүүдийн тоог 304 болгох юм байна. Дээр нь УИХ-д сонгогдсон гишүүд автоматаар ҮЗХ-ны гишүүнээр сонгогдох аж. Мөн ҮЗХ-гоор намын томилгоо хэлэлцэхгүй, зөвхөн бодлого хэлэлцдэг байхаар яригдаж буй юм байна. Түүнчлэн хоёр жилд нэг удаа ротаци хийхээр шинэ дүрэмд тусгажээ.

  6. Ардчилсан намын дэргэд албан ёсны гурван төрийн бус байгууллага байлгахаар шинэ дүрэмд тусгажээ. Нэгд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, хоёрт, Ардчилсан залуучуудын холбоо, гуравт, Ардчилсан ахмадуудын холбоо гэж албан ёсоор байх гэнэ. Харин Ардчилсан намын зөвшөөрөлгүйгээр “Ардчилсан намын…” гэдэг үгийг албан ёсоор хэрэглэхийг шинэ дүрмээр хориглож байгаа аж.

  7. Ардчилсан нам нээлттэй, ёс зүйтэй, тэгш оролцоотой, бодлого суурьтай нам болно гэж дүрэмдээ тодорхойлжээ.

  8. Намын шинэ даргаа Их хурлаасаа сонгохгүй байхаар тохиролцжээ. Тодруулбал, шинэ оны дараа, цагаан сарын өмнө Ардчилсан намын шинэ дарга татвараа төлсөн, саналын эрхтэй гишүүдийн олонхийн саналаар сонгогдох юм байна. Одоогоор, П.Цагаан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Болд, М.Чимиддорж, Ж.Батзандан нэр Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ ил тодоор зарлаад байгаа юм.

  9. Ардчилсан намаас гаргасан шийдвэрийг дагаагүй гишүүдийг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Мөн дөрвөн жил сонгуульт албан тушалад дэвшүүлэхгүй, найман жил намын дотоод сонгуульд оролцуулахгүй байхаар хариуцлагын тогтолцоогоо шинэчилж байна.

25 жилийнхээ ойн хүрээнд бодлогын нам болно гэж зарласан Ардчилсан намын хувьд VI Их хурал онцгой, түүхэн ач холбогдолтой болно гэсэн хүлээлт бий.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж