Дорнод: “Метанол” гэх бодисоос хордсон байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

Дорнод: “Метанол” гэх бодисоос хордсон байж болзошгүй

Дорнод аймгийн Халх гол суманд 11 дүгээр сарын 25-нд “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордсоны улмаас дөрвөн хүн амиа алдаад байгаа билээ. Уг шингэн бодисыг тодруулахаар дээжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори руу илгээгээд байгаа юм. Хариу нь өнөөдөр үдээс хойш гарах юм байна.

Харин урьдчилсан байдлаар, ажилчид болон иргэдийн мэдүүлгээр “Митанол” гэх шанаган тогооны хоолны газарт хэрэглэдэг, гал өдөөх зориулалттай шингэн бодис байсныг тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өрмийн 3-р ангийн төв кемпийн махны агуулахад гурван литрийн савтай тус бодис байсан хэмээн урьдчилан тогтоосон байна. Мөн хилийн боомтоор тус бодис гурван литрийн хоёр ширхэг савтай оруулсан байж болзошгүй хэмээн мэдээллээ.

Үүнээс гадна өчигдрийн байдлаар 21 хүн хордсон /Дөрөв нь нас барсан/ бол өнөөдөр энэ тоо 23 болж нэмэгджээ.

Одоогоор таван хүн эрчимт эмчилгээний тасагт, долоон хүн эмнэлгийн хяналтад, долоон хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Дорнод аймгийн цагдаагийн байгууллага, онцгой байдал, тагнуул, шүүх шинжилгээний байгууллагынхан хэргийн газарт ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн, хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Дорнод аймаг. 2016.11.27. Хэвлэлийн хурал

Энэ асуудлаар Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагаас өчигдөр 16.30 цагт хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.

“ЭМЯ-наас мэргэжлийн эмч нарын багийг томилон явуулсан”

Энэ асуудалд Эрүүл мэндийн яамнаас шуурхай арга хэмжээ авч, мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймаг руу цаг тухайд нь явуулжээ. Улмаар хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа талаар мэдээллээ.

Дорнод аймагт томилогдсон эмч нартай цахим хурал хийж байна

Мөн Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурлыг энэ сарын 26, 27-нд хийж, өвчтнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа, нэр хаяг нь тодорхойгүй зүйлийг дур мэдэн хэрэглэхгүй байх сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгсөн хэмээн мэдээллээ.

“Зөв боломж” ХХК: Шингэн зүйл манай хүнсний агуулахаас илрээгүй

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Банзрагчтай холбогдож мэдээлэл авсан юм.

“Зөв боломж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Банзрагч:

“Тухайн шингэн зүйлийг хэн хаанаас авсан, ямар зориулалтаар хэн хэдийд хил гаалиар оруулж ирсэн, ямар зүйлийн бодис байсан, тухайн Хятад талын анги салбар дээр ямар зорилгоор хадгалж байсныг тодруулахаар мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна. Манай компанийн тухайд химийн шинж чанартай бодис огт байхгүй. Химийн бодис ямар нэгэн хэмжээгээр хэрэглэх шаардлага ч байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Манай компани зөвхөн ажилчдын хоол хүнс, тээвэр, орон байр, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг туслан гүйцэтгэгч компани юм.

Нэг зүйл нэмж хэлэхэд, манай компанийн хүнсний агуулахад байсан зүйл мэтээр ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул бусад зүйлд нэмэлт тайлбар өгөх боломжгүй байна” гэж мэдээллээ.

“Зөв боломж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Банзрагчийн тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД-эндээс үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж