Фидель Кастрог хөнөөхийг завдсан 600 оролдлого

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

Фидель Кастрог хөнөөхийг завдсан 600 оролдлого

Кубын ерөнхийлөгч асан Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө /2016.11.25/. Кубын албан хаагчдын хэлж буйгаар түүнийг амьдралынх нь туршид 600 гаруй удаа хөнөөхийг оролдож байжээ. Фидель Кастро өөрийн амьдралынхаа ихэнх үеийг олны нүдэн дээр өнгөрүүлсэн бөгөөд хагас зууны турш түүний амь нас маш аюултай нөхцөл байдалд өнгөрсөн гэхэд болохоор.

Кубын удирдагч асан Фидель Кастро

Кубын төрийн хэвлэлд Фидель Кастрогийн 90 насны ойг тохиолдуулан “Төрсөн өдөр” хэмээх нийтлэлийг 2016 оны наймдугаар сарын 13-нд нийтэлсэн бөгөөд тэрбээр өөрөө уг нийтлэлийг бичсэн байдаг. “Намайг устгах гэсэн төлөвлөгөөг тэд их хичээж боловсруулдаг байсан. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч нарын гаргасан тэр увайгүй төлөвлөгөөг хараад миний хөх инээд хүрдэг байлаа ” хэмээн Фидель Кастро тэр нийтлэлд бичсэн нь бий.

Кубын удирдагч асан Фидель Кастро

Фидель Кастро хамгийн сүүлд Хаванад өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Коммунист намын их хурал дээр олны өмнө үг хэлжээ. Энэ үеэр тэрбээр, “Би удахгүй 90 нас хүрнэ. Өөрийгөө энэ хүртэл насална чинээ бодоогүй явлаа. Маш их хүчин чармайлт намайг амьд байлгаж чадсан. Нөгөөтэйгүүр энэ бүхэн хувь тавилан юм. Удахгүй би урт удаан хугацаагаар амрах болно“ гэжээ.

АНУ-ын Флоридагаас 140 км-ийн зайд оршдог Куба улсыг удирдахдаа тэр АНУ-ын шахалт, хориг арга хэмжээ, олон зуун удаа түүнийг хөнөөх оролдлогыг нэр төртэйгөөр даван туулж чаджээ. Кастрог төрөл бүрийн аргаар цааш харуулахыг оролддог байв. Хордуулах арга хэрэглэх, үг хэлж байхад нь тэсэрч дэлбэлэх зүйлс ашиглах, буудах, бүр цаашлаад түүнийг хөнөөх төлөвлөгөөт ажил хүртэл өрнүүлж, байж болох бүхий л аргыг хэрэглэж байсан тухай тэр өөрөө ч нуулгүй ярьдаг байв.

АНУ-ын тусгай албаныхан 1959 онд түүний хайртай бүсгүй Марита Лорензыг хүртэл хөлсөлж байжээ. Маритаг АНУ-д очих үед тусгайгийнхан Фидель Кастрог хөнөөх зорилгоор түүнд хор өгч, Хавана руу буцаажээ. Маритагын нүүрний тосны шилэн саванд нуусан хор болон түүнийг хөнөөх хуйвалдааны талаар Кастро аль хэдийн мэдсэн байсан гэдэг.

Зүүн гар талаас Марита Лорензи, Фидель Кастро, 1959 он.

Фидель Кастро түүнд “Чи намайг алахыг хүсээ юу? хэмээн гар буугаа өгсөн. Харин Марита түүнийг буудаж чадалгүй, өмнө нь сөгдөж унасан тухай хэвлэлүүд бичиж байлаа.

Марита Фидель Кастротай учрахдаа дөнгөж 19 настай байжээ.

Их Британийн “Кастрог хөнөөх 638 арга” нэртэй баримтат кинонд “Хамгийн олон хүн хөнөөхийг оролдсон дэлхий дээрх цорын ганц социалист хүн” гэж тодорхойлсон байдаг. Энэ тухай тэрээр телевизэд ярилцлага өгөхдөө Хэрвээ олимпийн наадамд хүний амийг хөнөөх оролдлогоос амьд гарах гэсэн төрөл байсан бол би аль хэдийн алтан медальтан болох байлаа” хэмээн ярьж байжээ.

Кубын удирдагч асан Фидель Кастро, 2014 он

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж