Эх дэлхийг хөгжмөөр анирдсан үдэш

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

Эх дэлхийг хөгжмөөр анирдсан үдэш

-“Дэлхий” хамтлаг “Байгаль”, “Ертөнц”-өөр аялууллаа-

Гадаа өвлийн жавар тачигнан байгаа ч танхимд “Gandan View” хөгжмийн аялгуугаар зун цаг айлчлан ирж ирсэн зочдын сонорыг мялаан сэтгэлийг баясгалаа. “Дэлхий” хамтлагийн соль гитарчин Атка талын хөх чоныг гитараар улиулан, хөгжмийн зохиолч Г.Онон хэнгэрэг дэлдэн догшин “Савдаг” араншингаа харуулж, “Шонхор” тэнгэрт дүүлэн нисч, “Цэцэгс” найган тайгад шөнө айлчлан “Бүүвэй” эгшиглэн сэтгэл зөөллөнө. 

Ийнхүү хөгжмийн хэлээр ой тайгыг нүдний өмнө дүрслэхэд усны хоржигнох чимээ, зуныг санагалзуулан сэтгэлд нэг л таатай. Азийн ятга хөгжмийн хатан хаан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ усны чимээг “амьд” амилуулж, уулс, салхи, онгод тэнгэрийг мэдрүүлэн хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Байгаль”, “Ертөнц” цомгийн гайхалтай аялгуугаар сэтгэл хөдөлгөнө.

“Bro’s Records”-ын уран бүтээлчид санаачлан гаргасан “Ертөнц”, “Байгаль” цомгийн амьд тоглолт, шоу үдэшлэгийг “Дэлхий” хамтлагийнхны энэ сарын 26-нд буюу өнгөрсөн амралтын өдөр тайзнаа амилуулсан нь энэ. Амьд хөгжмийн тоглолтод урилгаар “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн оролцож “Нарыг хайрла” дуугаа дуулан эх дэлхийг хайрлах сэтгэлтийг улам бүр дүрэлзүүлэв. Мөн энэ л тайзнаас “ТВ Коктейль” хамтлагийнхан “Эзэн хичээе” дуугаараа мэндчилж,  дуучин Г.Тэнүүн хайрын дуунуудаа эгшиглүүлсэн юм.

“Дэлхий” хамтлагт эдгээр цомгуудыг өлгийдөн авсан хөгжмийн зохиолч Г.Онон, Азийн ятга хөгжмийн хатан хаан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, гитарчин Атка буюу Ц.Алтангэрэл, гитарчин Э.Оргилболд, басс гитарчин Б.Хосбаяр, лимбэчин Б.Мягмарцэрэн, цохилуур хөгжимчин Д.Мөнхбат, даралтат хөгжимчин Ш.Батбаяр нар багтдаг. Тэд хамтлагаараа 2013 онд “Ертөнц” цомгийн тоглолтоо Монголын хүүхдийн ордонд толилуулан нэгдэж байсан юм. Мөн Мэлхий хадан дээр анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн билээ.

2013 онд өлгийдөн авсан “Ертөнц” цомгийн онцлог нь нүүдэлчдийн хөгжмийн хэмнэл эгшиг, байгалийн дуу чимээг мартагдах шахсан хэл хуур, цуур, хобис, товшуур хөгжим болон орчин цагийн хөгжимтэй хослуулан байгаль дээр “гэр студи”-д бичсэнээрээ онцлог цомог юм. Энэхүү цомгийн үргэлжлэл болон 2016 онд нэгдүгээр сард “Байгаль” цомгоо гаргасан нь борлуулалтаараа тэргүүлсээр байгаа шилдэг цомгийн нэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж