Дорнод аймгийн Халх гол суманд өнгөрөгч бямба гаригт /2016.11.26/ “Зөв боломж” компанийн 13 ажилтан үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, дөрөв нь нас баржээ. Тэгвэл өчигдрийн байдлаар хордсон хүний тоо 21-д хүрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Улмаар өвчтөнүүдэд яаралтай эмчилгээ хийж, таван хүнийг гемодиализын эмчилгээнд оруулсан байна. Одоогоор зарим өвчтөний биеийн байдал тогтворжих хандлагатай хэмээн мэдээллээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилох шийдвэрийг гаргасан. Тэгвэл “ЭРДЭНЭТ”-ИЙН ТУЗ-Д ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛӨХӨӨР:
У.Бямбасүрэн
Д.Дэмбэрэл
Г.Нандинжаргал
Н.Доржсэмбэд
“МОНГОЛ ЗЭС”-ЭЭС ТУЗ-Д
Да.Ганболд
О.Орхон
М.Мөнхбаатар нар сууж байна.
Улсын хэмжээнд 2016 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49892 хүүхэд байна. Эдгээр охид, хөвгүүдийн төлөөлөл 800 сурагч Тусгаар тогтнолын баярын өдөр /2016.11.26/ эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараглалаа.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс томуугийн вакциныг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийж эхэлжээ. Вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет ачаалал ихтэй байгаа гэнэ.
Хойд Туйлын хүйтэн агаар Монголын газар нутгаар дайран өнгөрөхтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ байнгын бэлэн байдалд шилжсэн талаар мэдээлжээ.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар өнөөдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болохоор товлогджээ.
Ардчилсан намын Үүрийн дарга нарын холбооноос “АН-ын үүрийн гишүүд, дэмжигчдийн I хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчдийн дийлэнх олонх нь намын шинэчлэл нь цөөн хэдхэн дарга нар, фракцын толгойлогчдын тохиролцооны хүрээнд явагдах ёсгүй гэж үзсэн байна.
Монгол Улс Газрын цахим бирж байгуулах ажил үндсэндээ дуусч, одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх л үлджээ. Цахим биржээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, лавлагаа мэдээллийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлэх аж.