-Рауль Кастро командантегийн үхлийг зарлав. “Би өнөөдөр энд, манай ард түмэн, Америк болон дэлхийн манай найз нарт 2016 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 22 цаг 29 минутад Кубын хувьсгалын ерөнхий командлагч Фидель Кастро Рус таалал төгссөнийг хэлээд сууж байна" гэж Рауль арваннэгдүгээр сарын 27-ны өдөр мэдэгдлээ-
…Арлын Сьерра-Маэстра нурууны зүрхэн дэх Викторино гэх бөглүү тосгоны зөнч эмгэний хэлснээр бүх зүйл болж өнгөрлөө. Фидель түүний нэрийг, нүүр царайг санадаггүй, зөвхөн нойрондоо л түүний хөгшин дууг сонсоно.
-Үхэл залуу эрийг мартана… Хар арьстан дэлхийг захирч, хөгшин Европ эмэгтэйчүүдийн захиргаанд орж, Ромыг латин америк хүн захирч эхлэх цагаар л Кабельеро (Моринд гарамгай язгууртныг хэлэх үг) үхлийн сүүдрийн хөндийд очно…
Фиделийн найз нар “зөнч түүнийг мөнхийн гэлээ” гэж үхэхгүй юм шиг санаж явлаа. Эрхэмсэг гринго (Латин Америкт испани хэлтэй биш гадаадын хүмүүсийг ингэж дорд үзэн нэрлэдэг) нарыг хар арьстнууд захирна гэж юу байх вэ?!
Фидель өөрөө ч сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Цөхрөшгүй "барбудосуудын" лидерийн үхэшгүйн яриа хувьсгалын хэрэгт туслан дайсны зүрхийг шимшрүүлнэ.
Тэр үнэн хэрэгтээ үхэшгүй байсан юм. Хэдэн арван магадгүйн зуун халдлагыг даван гарч байснаараа тэр дэлхийн ямар ч лидерийг ардаа орхижээ. Түүнийг хөнөөхөөр ТТГ-ын туршуулууд, Америкийн тусгай албадын “ногоон берет малгайтнууд”, хар тамхины наймааны картелийн хөлсний алуурчид, Италийн “Коза ностра”-“Манай үйлс” мафийнхан ангуучилсан байдаг. Алуурчид түүнд биеийн болон сэтгэл санааны хор хөнөөлийг учруулж чадаагүй билээ.
Зөвхөн саяхнаас л Фидель Кастро хөгшин эмэгтэйн мэргийг ойлгож өөрийн явах цагаа номхноор хүлээх болжээ.
(олон тоонд mambises, ганц тоонд мамби́ ( mambí)) гэсэн испани үг нь — XIX зууны арван жилийн буюу тусгаар тогтнолын төлөөх Испани-Америкийн бага гэх дайны партизануудын нэр юм. Испанийн Гаитийн (Santo Domingo) негр офицер Мамбийн (Juan Ethnnius Mamby, Eutimio Mambí) нэрээр хөдөлгөөнийг нэрлэжээ.
Бабудос гэж бавгар сахалтай хүний шоглосон нэр. Партизаны дайны үеэр энэ нь Кастрогийн нууц нэр байлаа.
АЛТАН ХҮҮ
Фидель Александро Кастро Рус 1926 оны наймдугаар сарын 13-нд арлын Орьенте мужийн Биран хотын ойролцоох "Миранда" эдлэнд хамгийн тансаг ордонд төржээ. Тэр үед түүний эцэг Анхель Кастро Архиз арлын хамгийн баян газрын эзэн, амжилттай бизнесмен гэж тооцогдож байлаа.
Анхель өөрөө Испанийн Ланкара гэдэг ядуу тосгонд төрсөн ба 1898 онд америк-испанийн дайн эхлэхэд түүнийг цэрэгт татан Куба руу илгээжээ. Дайны дараа тэрээр аралд үлдэхээр шийдсэн байна. Эхлээд уурхайн шөнийн манаач хийж байгаад бага зэргийн мөнгө хуримтлуулан жижиг гуанз нээжээ. Анхель 25 насандаа 100 ар (нэг ар нь 100 кв.м) ойтой атар газар худалдан авсан байлаа. Кастро ойг огтлон цэвэрлээд сахарын нишинг тарьжээ. Хэдэн жилийн дараа тэр газраа 9500 га болгоод Биран хотод сахарын үйлдвэртэй болов.
Хөл дээрээ зогсоод тэр хотын гоо бүсгүйтэй гэрлэсэн ч удаагүй салаад тариачин эмэгтэй Лина Гонсалес Русын нөхөр болсон байна. Гэр орон нь цэвэр нямбай байсанд алмайрсан тэрээр бүсгүйн гэр бүлд нь санал тавин бүсгүйтэй гэрлэсний дараа тэднийг Биран хотод авчирав. Түүний хадам аав Франциско Рус хүргэнийхээ аж ахуйг хөтлөх болжээ. Удалгүй тэдний хөрөнгөөр шуудан, тариачдын хүүхдийн сургууль, талх барих газар, бой, дэлгүүрүүд барьжээ.
Анхель Лина хоёрын гэр бүлд Анхела, Рамон, Фидель, Рауль, Хуана, Эмма, Агустина гэсэн долоон хүүхэд төрсний гурав дахь нь Фидель Кастро байв. Гэр бүлийн хамгийн хайртай хүүхэд байсан гэх.
Фидель ядарч зүдрэхийг мэдэлгүй өссөн, хүүхэд байхдаа гэрийн нохойн сүрэгтэйгээ тоглож зугаацсан жаал байжээ. Хүү нь найм хүрэхэд эцэг нь Эль Карето нэртэй морь худалдан авч өгч, хүүгээ жинхэнэ моринд гарамгай язгууртан болгохыг хүсчээ.
Сантьяго-де-Куба хотын "Ахан дүүсийн Ля Саль" коллежид түүнийг 10 настайд нь илгээн сургажээ.
"Коллежийн сурагчид өөрсдийн эцгийн орлогоор гайхуулцгаана. Фидель ирээд миний эцэг өдөр 300 песо олдог байж, тэгээд юу гэж? хэмээн хэлэв. Дараагийн өдрөөс нь бүгдийн ихэмсэг зан өөрчлөгдсөн юм…” хэмээн түүний дүү эмэгтэй Хуана дурссан байдаг. Сургуульд байхдаа тэр мамбисес партизануудын тухай ихээхэн сонирхдог болжээ.
-Тэр цэргийн дуунд ихээхэн дуртай байсан. Тэр цагаас л Фидель ганц харцаараа бүх эмэгтэйчүүдийг бишрүүлсэн мамбисесуудын хамгийн мундаг нь болох мөрөөдөлтэй байсан байх гэж нэг ангийн Хосе Игнасио Раско дурсчээ.
Фидель 1942 онд Гавана хотноо очин арлын алтан залуус гэгчдийн сонгомол сургууль болох "Белен" коллежид суралцаж, морин спорт, завь, боксоор хичээллэж байв. Түүгээрээ ч тэр коллежийн охидын анхаарлыг татдаг байжээ. Мөн тэрээр уран зохиол сонирхон судалж нэг удаа уран илтгэгчийн тэргүүн шагнал авч байжээ.
Фиделийн хувьсгалын өмнөх үеийн амьдралын цөөн баримтуудын дунд “Шазруун огцом зантай. Гэхдээ тэр Кубын түүхэнд гайхамшигтай хуудсыг бичих болно гэдэгт бид эргэлзэхгүй” хэмээн коллежийн захирлын тодорхойлолт бий.
ДАЙНЫ БААТРУУД
"Белены" дараа Фидель Гавана хотын их сургуулийн хуулийн факультетад суралцлаа. Түүнийг хотын өмгөөлөгч эсвэл шүүгч гэсэн сайхан карьер хүлээж байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байв. Гэвч тэр мамбисесуудын замыг сонгожээ. Тэр сургуулиа орхиод Доминикан улсад дарангуйлагч Трухильиогийн эсрэг тэмцэх партизаны отрядад сайн дураар элсчээ.
Фидель богино хугацааны цэргийн бэлтгэлийн дараа дэслэгчээр томилогдон Кайо Конфитес гэх цөлийн аралд байрлаж байсан хөлсний армийн жижиг отрядыг толгойлох болов.
Тэд давших тушаал хүлээсээр хэдэн сарыг өнгөрөөж цөхрөөд байжээ. Эцэст нь америкчууд Трухильиотой тохиролцоод Кубын флотод арал руу очин тэднийг баривчлах тушаал өгсөн байна.
Шүүхээс, шоронгоос, хөлөг онгоцноос далайд үсрэн зугтсан цөөн хүн аврагдсаны дотор Фидель байлаа. Эрэгт гарч чадсан Фидель америк гринго нарт хэзээ ч итгэхгүй гэж андгайлсан гэдэг.
Фидель юу ч болоогүй юм шиг Гаваны их сургуульдаа эргэн ороод сурлагаа үргэлжлүүлсэн байна. Тавдугаар курст тэр Кубын дэглэмийн Дотоод хэргийн сайдын цорын ганц охин Мирта Диас Баларттай танилцжээ.
"Асар том ногоон нүдтэй, маш дэгжин бүжиглэдэг, царайлаг бүсгүйг анх хараад “Би түүнтэй заавал гэрлэнэ” гэж кастро амлажээ. Тийм үзэсгэлэнтэй бүсгүй зүүн хөл доголдог, хошин шог мэдрэмжгүй залууг тоохгүй гээд ангийнхан нь шоглоно.
Тэдний хурим 1948 оны аравдугаар сарын 12-нд болжээ. Сүйт бүсгүй хөл хүнд болоод байхдаа гэрлэжээ. Хүүгээ ухаан суулаа гэж үзсэн дон Анхель тэр цагийн хөрөнгөтний жишгээр сүртэй хуримыг Гаванагийн шилдэг ресторанд хийлгэж хосуудыг бал сараар нь АНУ-д илгээсэн байна. АНУ-д Кубын командантегийн цорын ганц хууль ёсны хүүхэд Фиделито Кастро төржээ.
Хайр сэтгэлийн халуун бал бурмаасаа садаарах цаг болсон гэж Фидель өөрөө үзжээ. Ингээд эрх баригч консерватив намд элсэн оржээ. Парламентад суух хаалга нээгдэж байхад нь тус улсад төрийн эргэлт гарчээ.
ӨМГӨӨЛӨГЧ ХУРАНДААГИЙН ЭСРЭГ
…1952 оны гуравдугаар сарын 10-ны өглөө эрт Кубын ерөнхийлөгч Прио Сокаррасын үйлчлэгч түүнийг сэрээн “Чи дууссан! Би засгийн газар! Хурандаа Фульхенсио Батиста" гэсэн зурвасыг дамжуулан өгчээ.
Хурандаа Фульхенсиогийн жинхэнэ нэр нь Рубен Сальдивар. Тэр ядуу тариачин айлд төржээ. Гэрээсээ оргон армид элсчээ. Замын зардлаа төлөхийн тулд тэр хөршийнхөө цагийг хулгайлсан байв. Шүд зуун армийн бүхий л хүндийг тэр даван туулжээ. Хурлийз байсан нь ихээхэн элэг доог болоход хүрнэ. Фульхенсио Батиста гэх хуурамч нэрээр армид элссэн тэр шүд зуун зүтгэсээр армийн хурандаагийн нарийн бичгийн дарга болоод дараа нь АВС гэх хагас фашист намын гишүүн болсон юм. Ингээд ерөнхийлөгч Херардо Мачадог унагах хуйвалдаанд идэвхтэй оролцсон тэр жилийн дараа өөрөө эргэлт гарган эрх мэдлийг авчээ. Дарангуйлагч болсон тэр 1940 онд дэглэмээ зөөллөсөн ч дөрвөн жилийн дараа нь ерөнхийлөгчийн сонгуульд ялагдан гадагш зуртав.
АНУ коммунистуудаас галын дөл мэт айж байсан 1952 онд Батиста америкчуудын буянаар Кубад эргэн ирээд төрийн эргэлт гаргажээ. Намынх нь удирдлага төрийн эргэлтийг буруутгасан мэдэгдлээ бэлтгэх үүргийг Кастрод өгчээ. Удалгүй тэрээр Үндсэн хуулийн долоон зүйл ангийг Батиста зөрчсөн гэх өрөгдлийг дээд шүүхэд гарган хурандааг бүх насаар нь хорихыг шаардсан байв.
"МОНКАДА" ХУАРАНГИЙН АДТАЙ ХЭРЭГ
Батиста гомдлыг нь үл тооцсон учир Фидель жилин турш хэвлэлээр дарангуйлагчийг илчилж байв. Эцэст нь тэр мамбисесийн тактикийг санаад Сантьяго-де-Куба дахь "Монкада" цайзын цэргийн хуаранг эзлэхээр шийдсэн байв. “Ард түмний итгэлийг олж, зэвсэгт тэмцэл явуулж болохыг харуулах гэсэн” хэмээн хожим Фидель дурсчээ. Цайзыг эзлэхээр 1953 оны долдугаар сарын 26-нд шийдээд ихээхэн хуучин зэвсэгтэй 165 хүнтэй ажиллагааг явуулжээ.
Хожим тогтоогдсоноор, Фидель цайзын төлөвлөгөөг гаргаагүй байснаас тэд харанхуйд төөрөн энгийн иргэдийн байр сууцыг дайрсан байна. Кастрогийн отряд хуаранд хүрээд очиход цэргийнхэн тэднийг зохион байгуулалттайгаар угтан зургаан хүнийг нь хөнөөжээ. Бусад нь ой руу зутсаныг дараа нь цэргийнхэн барьжээ. Энэ үеэр тэдний 55 хувьсгалчийг цэргийнхэн буудан хөнөөв.
Фиделийг дүү Раулийнх нь хамт хоёр долоо хоногийн дараа баривчилсан ба Кастро 15 жил хоригдох ял авчээ. Удалгүй эцгийнх нь гуйснаар ах, дүү хоёрыг Батиста өршөөсөн байв.
Шоронд Кастро Маркс, Лениний зохиолуудыг сайтар судалсан байв. Мөн язгууртан гаралтай Нати Ревуэльта гэх нууц амрагтай болжээ.
Нати Ревуэльта Фиделийн Батистын дэглэмийг унагах гэсэн эрмэлзлэлийг эрчимтэй дэмжжээ. Нати Ревуэльта бичсэн захидлаараа өөрийн сэтгэлээ илчилсэн бөгөөд түүнд нь хариу болгон Фидель “Хонгорхон Нати! Чамд өөрийн шоронгоос нандин мэндчилгээгээ дэвшүүлье. Би чиний тухай эртнээс мэдэхгүй байгаа ч үргэлж чамайг үргэлж дурсан санаж, хайрлаж явна. Эхээр минь дамжуулсан чиний захидлыг би авлаа, түүний үргэж чээжиндээ хадгалан явах болно. Би чиний төлөө амьдралаа баяртайгаар өгөх болно гэдгийг чи мэдэж бай…” гэж бичсэн аж.
Кастро чөлөөлөгдсөний дараа түүний эхнэр Мирта салах өргөдлөө өгсөн байв. Бүсгүйн сайд эцэг нөхрийнх нь нууц амрагтаа бичсэн захидлыг түүнд өгчээ.
Мирта жараад оны эхээр АНУ-д дүрвэн гарахдаа хүүгээ аваад явжээ. Кубын тагнуулын алба Кастрогийн тушаалаар түүний залгамжлагчийг хулгайлан авчирсан ба Кастро өөрөө түүнийг хүмүүжүүлж нэгэн үе Кубын Цөмийн хүчний агентлагийн даргаар томилсон байлаа. Дараа нь эцгийнхээ тухай илүү зүйл ярьсан гээд түүнийг гэнэтхэн ажлаас нь халжээ. 1993 онд Кастро ба Нати Ревуэльта хоёрын охин Алина Фернандес Испаниар дамжин АНУ-д зугтан гарчээ. Тэр эмэгтэйн бичсэн “Миний эцэг Фидель Кастро" номноос олон нийт их зүйлийг мэдэж авсан юм. Кастро үүнд их эмзэг хандан Фернандес нэрийг дэргэдээ хэлэхийг хүртэл хориглосон байв.
"ГРАНМЫН" АЯН
Мехико хотын эмнэлэгт 1955 оны зургадугаар сард зөвлөгөө авахаар жижүүрийн эмч аргентин Эрнесто Геваратай уулзжээ. Тэр Че хочтой байв. “Монкада” хуаранд довтолсон кубачууд одоо Мексикт цугларан Кубад очих бэлтгэлд орсныг тэд дуулгажээ.
Эмч Эрнесто Гевара хувьсгалчдын цугларсан туслах боомтын зүг яарлаа. 1956 оны арваннэгдүгээр сарын 25-ны шөнийн 02 цагт Гранма гэх 10 хүний багтаамжтай жижиг дарвуулт завинд 82 хүн сууж танк эсэргүүцэх хоёр пулёмет, гурван автомат, 90 винтов буу, сум хэрэгсэл, хоол унд ачаад замдаа гарав.
Засгийн газрын цэрэг тэдний арал төхөөд ирэх үеэр нь илрүүлсэн учир Кастро намагтай газар буухаар шийдсэн байв.
Сьерра-Маэстра уул хүртэл 40 замыг туулах тэд 2-3 хүний бүрэлдэхүүнтэй хэсгүүд болон байлдан тийш хөдөлжээ. Болзолт газар дөнгөж 22 хүн очсон байлаа. Бусад нь амь үрэгдэж баривчлагдсан байна. Ингээд тэр хэдэн цөөн хүмүүс 30 хүнтэй тогтмол армийн эсрэг хэрэхэн тэмцэхийг олон нийт ажигласаар байв.
Сурталчилгааны нэг хэлбэр болгон тэд сахал, үсээ ургуулан испаничуудыг арлаас явтлаа тэдэнд гар хүрэхгүй гэж байсан XIX зууны эх орончдыг дуурайх болжээ. Ингээд "барбудос" буюу "бавгар хууз сахалтнууд" гэх нэр босогчдын нийтлэг нэр болон хувирчээ.
Ард түмний удирдагч АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрт таалагдсан ба тэр Кубын улстөрчдөд ардчиллын ялалтад саад хийх хэрэггүйг зөвлөсөн юм. 1958 оны арванхоёрдугаар сарын 31-ний шинэ жилийн хүлээн авалт дээр Армийн ерөнхий командлагч Эулохио Кантильо Батистад тулган шаардлага тавин тэр огцрох ёстой гэжээ. Батиста Доминиканд зугтан гараад тэнд 72 хүртлээ тайван амьдраад нас баржээ.
АНХНЫ ХАЛДЛАГА
Кастро Эйзенхауэрыг хуурсан юм. Хувьсгалаас өмнө тэрээр ардчилсан засгийг дэмжинэ гэж байв. Харин хувьсгал ялсны дараа Фидель Батистагийн талын мянгаад хүнийг цаазалж арал дахь тэрбум гаруй долларын үнэтэй АНУ-ын хөрөнгийг хураажээ. Үүний хариуд Цагаан ордны эзэн түүнийг зайлуулах тушаал өгсөн байна. Тушаал биелүүлэх үүрэг герман гаралтай эмэгтэй Марита Лоренцад ноогдсон байв. Тэр хор өгөх ёстой байсан юм. Түүнийг кастрогийн өвөрт амархан оруулж чадсан ч тэр хайртай болсон хүндээ хор өгч чадсангүй.
Үүний дараа тэр найман сар орчим Кастротой амьдарч байгаад үр хөндүүлэхээр Фидель шахсны дараа тэд салцгаажээ. Маритагийн дурлалаас болон АНУ, Кубаас дипломат харилцаагаа таслав. Кастро хурдан сэхээрч өөрийгөө ямагт Марксист , ленинч гэж зарлав.
Зөвлөлтийн хяналтын улсыг хажуудаа байлгах хүсэлгүй америкчууд 1962 онд Кочинас буланд десант буулгаад бүтэлгүйтжээ. Десантын 1500 хүнээс 1200 нь буун өгчээ. Бусад нь алагдаж, цөөн хүн зугтжээ.
КОМАНДАНТЕ БА ТҮҮНИЙ “САХИУСАН ТЭНГЭРҮҮД”
Кастрог анархистаас хатуухан марксист болоход нь түүнээс таван насаар ах нарийн бичгийн дарга эмэгтэй Селия Санчес ихээхэн нөлөөлөн зөвхөн сахиусан тэнгэрээс нь гадна хамтран амьдрагч дагуул нь болжээ.
Тэр эмэгтэй Кубын гадаад бодлогыг явуулсан гэж болно.
1965 онд тэр эмэгтэй Че Геварагаас салгах ажлыг хийсэн гэдэг. Команданте өөрөө Гевараг сэтгэлгүй хүн гэдэг байсныг дүү Хуана нь ярьсан байв. Түүнд шүүх огт хамаагүй бөгөөд шууд л бууддаг нэгэн байжээ.
Селиягийн зүтгэлээр Кубын социалист хувьсгалын намыг Коммунист болгон өөрчилжээ. Селия 1979 онд өөрийгөө буудан амьдрал нь эмгэнэлтэйгээр төгсчээ. Хардалт гол шалтгаан нь байсан гэдэг.
Селия Санчесийн дараа Фидель хэдэн жил эршүүд амьдралтай байсан ч Далия Сото дель Балла гэх эмэгтэйтэй амьдарчээ. Тэд таван хүүтэй болсон байлаа. Хүүхдүүд нь дандаа А үсгээр эхэлсэн Анхель, Алекс, Александр, Алехандро, Антонио гэсэн нэртэй.
ХУВЬСГАЛЫН ТӨГСГӨЛ
Зөвлөлт сүйрсэн нь Кастрогийн аралд эдийн засгийн ихээхэн хүнд байдлыг авчирсан юм. Ингээд Кастро зөвлөлтийн зарим загвараас татгалзан “хятад маягаар” эдийн засгийн шинэчлэл хийхийг 1991 оны ККН-ын их хурал дээр зарласан юм. Тэр цагаас марксисзм-ленинизмын оронд “Хосе мартийн үзэл санаа” сонсогдох болжээ.
Тэр жилүүдэд зохиолч Габирэль Маркест Кастог ярихдаа аралд социализм байгуулах гээгүй, зүгээр л шударга дэглэм тогтоох эрмэлзэлтэй байсан гэжээ. Ихээхэн ажлын дараа ром дарс амтлан, самбагийн аяар бүжиглэж, хөөрхөн хүүхэнтэй танилцахаас буцахгүйгээ бас тэр ярьжээ. Ихээхэн чөлөөт цагтай болохоор юу хийх вэ гэсэн зохиогчийн асуултад тэр гудамжаар зүгээр л хэснэ гэсэн байв.
Тэр цагаас хойш Куба хэзээний түүнийг огцрохоо зарлахыг хүлээж байлаа.
ҮХЭЛ
Сүүлийн хэдэн жилд кастрогийн үхэл ба өвчин ихээхэн мэдээлэгдэж байлаа. Бүдүүн гэдэсний хорт хавдраар мэс засал хийлгэсэн байлаа. Мөн тархинд нь цус харавсныг 1989 онд Египетэд мэс засал хийж эдгээсэн гэв.
Фиделийг 1994, 2000 онуудад үхсэн гэж мэдэгдэн, Паркинсоны өвчтэй гэж байв.
2006 оноос эхлэн Фидель Кастро эрх мэдлээ аажмаар дүүдээ шилжүүлж эхэлжээ. Тэр хамгийн их туршлагатай хэмээн Фидель онцолж байв.
Рауль Кастро командантегийн үхлийг зарлав. “Би өнөөдөр энд, манай ард түмэн, Америк болон дэлхийн манай найз нарт 2016 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 22 цаг 29 минутад Кубын хувьсгалын ерөнхий командлагч Фидель Кастро Рус таалал төгссөнийг хэлээд сууж байна" гэж Рауль арваннэгдүгээр сарын 27-ны өдөр мэдэгдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР