Хэзээний цэнхэр гэгддэг Архангай аймаг энэ жил улаан тойрог болон хувирсан. Тэгэх тэгэхдээ МАН-ын залуухан улстөрчдөд итгэл үзүүлсний нэг нь тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг юм.
Түүхч, археологич мэргэжилтэй ч ажлын гараагаа Ерөнхийлөгчийн тамгын газраас эхэлж, сайдын зөвлөх, Засаг дарга гээд ажлын намтар товчхон ч улс төрийн тогооноос нэг их холдоогүй явж ирсэн нэгэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид зөвлөж байсан, дараагийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан түүнийг МАН доторхи туршлагатай улстөрч гэх нь бий. Оюутны ширээнээс эхлээд л МАН-аар өлгийдүүлсэн ч гэж ярьдаг.
МАН-ын ахмад гишүүдийн нэг Т.Бадамжунай түүнийг улс төрд хөтөлж оруулсан гэгддэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд Архангай аймгийн Иргэдийн хурлын сонгуульд өрсөлдөж, улмаар Засаг дарга болжээ. Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа авлигын хэрэгт холбогдон, шалгуулж байсан удаатай. Тухайн үедээ хэвлэлээр энэ тухай нилээд шуугиж байсан ч тэгсгээд намжиж, удалгүй Архангай аймгийн ИТХ-д дахин сонгогдож байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид зөвлөж байсан, дараагийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан түүнийг МАН доторхи туршлагатай улстөрч гэх нь бий.
Архангайчуудын хувьд тэр танихгүй хүн биш. Харин УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн гэдгээрээ олон нийтэд төдийлөн танил биш байж болох. УИХ-ын гишүүний өндөр хүндтэй, хариуцлагатай суудал дээр эхлээд зөв сууж сурах хэрэгтэй хэмээн хэсэг хугацаанд “чимээгүй” гишүүдийн нэг байсаар ирсэн Ё.Баатарбилэг сүүлийн үед эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн гээд бүхий л салбарын асуудлаар дугардаг болсон гэх.
Ё.Баатарбилэг түүх, шинжлэх ухааны төлөөлөгч хэмээн өөрийгөө тодотгодог. Тиймдээ ч саяхан “Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр” болгох хуулийн төслийг бусад гишүүдийн хамт санаачлан батлуулжээ. Зөвхөн түүх гэлтгүй Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хөгжилд түлхүү анхаарч, бодлогын баримт бичгүүдэд тодорхой заалт тусган, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа тэрбээр чухалчилсан хэлсэн байдаг.
ТӨГССӨН СУРГУУЛЬ
- 1983-1991 он: Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
- 1991-1993 он: Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
- 2002 он: МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй
- 2004 он: МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцсан.
ХААНА АЖИЛЛАЖ БАЙСАН БЭ?
- 2002-2009 он: Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
- 2009-2010 он: ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
- 2010-2012 он: Архангай аймгийн Засаг дарга
- 2012-2016 он: Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.
Холбоотой мэдээ