Улс хэцүүдлээ, улстөржилтөө зогсооё

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

Улс хэцүүдлээ, улстөржилтөө зогсооё

Орон нутгийн сонгууль болоод сар гаруй хугацаа өнгөрсөн ч зарим аймаг, дүүрэг, сумд Засаг даргагүй өдий хүрэв. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Цаг агаарын нөхцөл байдлаас үүссэн өвөлжилтийн хүндрэл, эдийн засгийн хүнд цаг үед аймаг, сум, дүүргийн удирдлагуудыг томилж байж ажил урагшилна. Аль нэг нам ялсан, ялаагүй гэсэн үл ойлголцлоос болж орон нутгийн байгууллагын удирдлага томилогдохгүй байгаа тохиолдол цөөнгүй байна. Уг нь иргэд сонголтоо хийж, баталгаажуулсан байхад манай, танай гэж ялгалгүйгээр улсын ажлыг урагшлуулахын тулд орон нутгийн дарга нарыг яаралтай томилж, ажлыг нь хийлгэх нь зөв баймаар.

Засгийн газар, түүний нэгжүүд, төрийн байгууллагууд нь нийтээрээ хөдөлж, зөв бодлого хэрэгжүүлж байж эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гарна.

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ийм цаг үед улстөржихгүйгээр, нам ярьж талцахгүйгээр Засаг дарга нараа томилж, ажлаа урагшуулъя, Ерөнхий сайд аа.

Засгийн газрын өчигдөр /11.29/-ийн хуралдаанаас нийт 13 аймгийн 53 сум, нийслэлийн Налайх дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байдалтай байгааг мэдэгдсэн. Цаашлаад 38 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа ийм цаг үед улстөржихгүйгээр, нам ярьж талцахгүйгээр Засаг дарга нараа томилж, ажлаа урагшуулъя, Ерөнхий сайд аа. Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл нь баримт нотолгоотой бол хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгээд, дараа дараагийн арга хэмжээг авахгүй бол улс, аймаг, сум, багаар нь талцуулсан энэ намчирхал дуусахыг хүлээсээр өөр хэдэн сумдад өвөлжилт хүндэрч, төрийн ажил чөдөртэй морь шиг явахыг мэдэхгүй.

Сануулахад, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргыг одоог хүртэл батламжлаагүй байгаа. Тус дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулж, дүүргийн Иргэдийн хурлаар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Пүрэвдавааг томилох санал хүргүүлсэн ч ажил хүлээлцээгүй л байна. Мөн Сүхбаатар аймгийн удирдлагыг сонгуулийн маргаан дуусаагүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл ажилд нь оруулж амжаагүй байна.

Ардчилсан намынхны өчигдөр хийсэн мэдэгдэл, Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагаас харахад улсын хэмжээнд нийт 74 сумын Засаг даргыг томилогдоогүй, хүлээлтийн байдалд оржээ.

Энэчлэн эзэнгүй мэт байгаа орон нутагт анхаарал хандуулж, удирдлагуудын асуудлыг зохицуулах нь өдрүүдийн хүлээх шийдэл болоод байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж