А.Тлейхан Эрчим хүчний зохицуулах хороог удирдана

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

А.Тлейхан Эрчим хүчний зохицуулах хороог удирдана

ӨЧИГДӨР /2016.11.28/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

  • Байнгын хороогоор өнөөдөр Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулах юм байна. Гэвч шалгалтын тайлан, материал АН-ын бүлэг дээр ирээгүйг бүлгийн гишүүд өчигдөр онцлоод, энэ асуудлыг хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс гаргаж буйгаа мэдэгджээ.


  • УИХ-ын гишүүн асан А.Тлейханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилжээ. Тэрбээр өчигдөр /2016.11.28/ тамгаа хүлээн авч, ажилдаа орсон байна.


  • Зуслангийн газар эзэмших шаардлагыг хангасан 161 иргэн бүртгэгдсэн байдаг ажээ. Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 аманд зуслангийн газартай, газрынхаа эзэмших эрхийг өмчлөх эрхээр солиулах хүсэлт илгээсэн иргэдээс 161 иргэний есөн мянга 6716 га газрыг өмчлүүлэхээр сонгож, газрын гэрчилгээг нь баталгаажуулах захирамжийг боловсруулж эхэлжээ.


  • 2013 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан газар өмчлөлийн журамд өөрчлөлт оруулсны дараа иргэдэд олгох газар өмчлөлийг үргэлжлүүлэн явуулахаа нийслэлийн Газрын албанаас мэдэгдлээ.


  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-ыг орон даяар эхлүүллээ. Аяныг жил бүр тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг ч энэ жил  гэр бүлийн хүчирхийлэлд дан ганц эмэгтэйчүүд бус бага насны хүүхдүүд, тэр дундаа эмэгтэй, эрэгтэй гэж ялгахгүйгээр өртөж байгаа учраас “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” сэдвийг онцолжээ. 


  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас цас, мөсийг хямд төсөр аргаар цэвэрлэх техник, технологи зохион бүтээх уралдаан зарлажээ.


  • ОХУ-ын шилдэг оюутан шалгаруулдаг “Студент года-2016” үндэсний уралдаан энэ сарын 14-18-нд Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болжээ. Уралдаанд ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 200 гаруй оюутан оролцож, тэргүүн байрт буюу шилдэг оюутнаар Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын нэгдүгээр дамжааны оюутан Ц.Лхагвацэнд гэх монгол оюутан шалгарчээ. 


  • Монгол Улсад байгалийн гамшигт үзэгдэл гарах эрсдэл харьцангуй бага ч нурж унах шахсан сургууль, цэцэрлэгийн барилга их байгааг “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” үндэсний бодлогын анхдугаар чуулганы үеэр мэргэжилтнүүд анхаарууллаа. 


  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Өнгөрсөн баасан гаригт НИТХ-ын 5 дугаар хуралдаанаар төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин өчигдрөөс хороод болон намын бүлгүүд хэлэлцэж эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж