Трамп ба Хойд Солонгос

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

Трамп ба Хойд Солонгос

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрвээ ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох тал дээр анхаарахын сацуу Ким Жон Унтай уулзана” гэж хэлсэн юм. Мөн тэрбээр АНУ-ын Хойд Солонгосын талаар баримталж буй бодлогыг өөрчлөх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байдаг.

Дональд Трамп, Ким Жон Ун

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээ хийх олон янзын оролдлого хийж байсан ч үргэлж ямар нэгэн асуудалтай тулгардаг байсан. Нэг үгээр бол Хойд Солонгос америкчуудын саналыг хүлээж авдаггүй гэхэд болно.

Хойд Солонгосын удирдлагуудын хувьд цөмийн зэвсэг нь тус улсын хэлэлцэж болдоггүй асуудлын нэг. Тэд цөмийн зэвсгээ Иракын Садам Хуссэйн, Ливийн Муаммар Гаддафи шиг зовохгүй байх ганц баталгаа гэж үздэг. Харин өдгөө Хойд Солонгос нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулахуйц асуудал болсон гэхэд болно.

Ким Жон Ун

Трамп Хойд Солонгосын удирдагчийг “муу залуу”, “маньяк эр” гэж хэлж байсан удаатай бөгөөд түүнтэй уулзаж харилцаагаа сайжруулах хүсэлтэй байдаг гэдгээ ч илэрхийлж байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хойдууд устөрөгчийн бөмбөг турших үед Трамп “Хятад Хойд Солонгосыг хянадаг” гэж хэлсэн бөгөөд хэрвээ Бээжин энэ асуудлыг өөрсдөө шийдвэрлэхгүй бол худалдааны харилцаагаа илүү адармаатай болгох хэрэгтэй хэмээж байсан юм.

Дональд Трамп өнгөрсөн гуравдугаар сард “Нью Йорк Таймс”-д өгсөн ярилцлагадаа “Өмнөд Солонгос болон Японыг аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд өөрсдөө цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэйг онцлохын сацуу эдгээр улсуудыг цөмийн зэвсэгтэй болоход АНУ тусалж болох юм” гэж мөн хэлж байсан удаатай. Трамп дээрх хоёр улсыг АНУ-ын цэргүүдийг өөрийн газар нутагт байршуулахыг хүсэж байгаа бол илүү төлбөр төлөх хэрэгтэй гэж үздэг. Хэрвээ ингэхгүй бол АНУ цэргүүдээ татах нь зөв гэсэн байр суурьтай байдаг ажээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: NBCNEWS.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж