Дэлхийн шилдэг жүдоч Г.Отгонцэцэгийн амжилтын товчоон

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг жүдоч Г.Отгонцэцэгийн амжилтын товчоон

-Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны дэлхийн шилдэг жүдочоор Г.Отгонцэцэгийг нэрлэсэн-

2016 оны спортын шилдгүүд тодорсоор байна. Энэ сарын эхээр Олон улсын жүдо бөхийн холбоо шилдэг жүдочдоо нэрлэсний дотор Г.Отгонцэцэг шалгарсан. Г.Отгонцэцэг нь Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж, гайхам амжилт үзүүлж байгаа бид мэднэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Казахстаны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тус улсын Гавьяат тамирчин цол хүртсэн. Г.Отгонцэцэгийн энэ оны сүүлийн тэмцээн нь арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Японы Токио хотноо болох “Их дуулга” юм.

Энэ жил 24 настай Г.Отгонцэцэг яагаад Монгол нутгаа орхин Казахстан улсыг зорих болов гэдэг асуулт үргэлж анхаарлын төвд байдаг. Жүдогийн тухайн жинд зөвхөн нэг л тамирчин улсаа төлөөлөх эрхтэй. Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хөнгөн жин өрсөлдөөн ихтэй. Ялангуяа Г.Отгонцэцэгийн жин бүр ч олон хүчтэй өрсөлдөгчтэй. Тиймээс тэрбээр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд Казахстан улсыг зорьсон юм.

АМЖИЛТЫН ТОВЧООН

2015 ОН:

I сар: Монголын жүдо бөхийн холбоо, Казахстаны жүдо бөхийн холбоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

V сар: Г.Отгонцэцэг Казахстаны иргэн болов. Г.Отгонцэцэг олимпийн наадамд зодоглохын тулд ийм шийдвэр гаргахад хүрчээ.

VI сар: Казахстаны улсын аварга шалгаруулах тэмцээний 48 кг-д түрүүлж, ДАШТ-нд оролцох эрхээ авсан. 2016 оны жүдо бөхийн ДАШТ Казахстаны Астанад болсон.

VIII сар: Астанад болсон ДАШТ-нд Г.Отгонцэцэг өндөр амжилт үзүүлж чадаагүй юм. Тэрбээр эхний тойрогт хийлсэн ч БНСУ-ын Чон Бо Кёнд хожигдон тэмцээнээ өндөрлүүлж байсан.

X сар: Г.Отгонцэцэг Ташкентийн Гран прид хүрэл медаль хүртэж, Казахстан улсын нэр дээр олон улсын анхны медалиа хүртэж, чансаагаа ахиулсан.

XI сар: БНСУ-ын Чэжүд болсон Гран прид түрүүлж, алтан медаль хүртжээ. Тэрбээр энэхүү тэмцээний финалд Лондонгийн олимпийн хүрэл медальт Унгарын Эва Черновицкийг ялж, аваргалсан юм.

2016 ОН:

II сар:  Парисын “Их дуулга”-д түрүүлсэн. Энэхүү тэмцээний шигшээд дэлхийн аварга М.Уранцэцэгийг хожиж байсан юм.

IV сар: Олимпийн наадмын өмнөх нэгэн сорил тэмцээн бол Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Астанад болсон Азийн аваргад түрүүлэхдээ мөн М.Уранцэцэгийг хожжээ.

VIII сар. Риогийн олимпийн наадмын хүрэл медалийн төлөө Кубын А.Даяарисийг цэвэр ялан Казахстаны нэрээр олимпийн медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болсон. Түүний хувьд 48 кг-ын жингийн “D” хэсэгт багтсан. Эхний тойрогт хийлсэн тэрээр Африкийн гурван удаагийн аварга Гвиней-Биссау улсын Лимаг шидогоор хожсон ч хэсгийн аваргын төлөө Японы Ами Кондод ялагдсан. Дагах барилдаанд Унгарын Эва Серновичскиг далаар нь цэвэр тавьсан юм. Хүрлийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Кубын Алберэс Даяарисийг мөн цэвэр ялж, олимпийн медальтан болсон түүхтэй. Энэ жингийн аваргын алтан медалийг Аргентиний Парето Паула хүртсэн бол БНСУ-ын Жон Бу Гён мөнгө, Казахстаны Г.Отгонцэцэг, Японы Кондо нар хүрэл медалийн эзэд болсон юм.

XI сар: Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны дэлхийн шилдэг жүдочоор Г.Отгонцэцэгийг нэрлэв.

XI сар: Г.Отгонцэцэг Казахстаны хошой аварга болж, тус улсын Гавьяат тамирчин боллоо.

Одоо түүнийг ирэх сард Японы Токио хотноо болох “Их дуулга” тэмцээн хүлээж байна. Энэхүү тэмцээнийг бага дэлхийн аварга гэгддэг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж