Засгийн газраас жил бүр “Байгаль, нийгмийн ухааны шагнал” олгодог. Энэ жил тус шагналыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн хүртсэн юм. Тэрбээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээр хорт хавдрын эсрэг бэлдмэл гарган аваад байгаа билээ. Ингээд Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэнтэй ярилцлаа.
-Засгийн газраас жил бүр олгодог “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болсонд баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 1973 онд Боловсролын их сургуулийг төгсөөд Химийн хүрээлэнд орсон. Энэ хүрээлэнд 43 дахь жилдээ ажиллаж байна. Хүрээлэнгийн эрдэмтэдтэйгээ хамтраад байгалийн нэгдлийн бодисын бүтэц, тэдгээрийн биологийн идэвхтэй холбоотой судалгаа хийж байна. ОХУ-д дэд эрдэмтний зэрэг хамгаалаад, долоон жилийн дараа мөн л тус улсад докторын зэрэг хамгаалсан.
-Ургамал судлалын чиглэлээр 43 дахь жилдээ ажиллаж байна гэлээ. Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн ургамал судалж ямар, ямар шинэ нээлт хийв?
-Ургамал судална гэдэг нь бүлэг судлаачийн хийдэг ажил. Миний удирдлагаар 11 Ph.D доктор, нэг шинжлэх ухааны доктор ажиллаж байна. Бид Монгол орны 40 гаруй зүйлийн ургамал судалж, 300 гаруй бодис ялгаж, бүтцийн тайлал хийсэн. Ингэхдээ 37 байгалийн шинэ нэгдэл олсон. Үүний дотор бүлэг нэгдэл ч байсан, шинэ зүй тогтол ч олсон. Монгол орны эмийн ургамал бол илүү исэлдсэн төлөвт оршдог юм байна гэдгийг би 1992 онд ОХУ-д докторын зэрэг хамгаалахдаа олж, илрүүлсэн. Яагаад ийм зүй тогтолд байдаг вэ гэхээр хасах тавиас нэмэх тавин хэмтэй, ус, чийгшил багатай, салхи их салхилдаг, хатуу ширүүн нөхцөлд тохирсон бодисууд нийлэгждэг юм байна лээ. Ингээд 43 жилийн хугацаанд “Амин тун” гэдэг малд зориулсан бэлдмэл бүтээсэн. Мөн элэгний С,В вирусын эсрэг үйлчилгээтэй “Ахилло” эм гаргасан. Сүүлийн үед “DAGURIX” бэлдмэл дээр түлхүү ажиллаж байна.
-Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй биологийн шинэ идэвх олсон гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй дагуурын хүж өвс олсон. Энэ бол надад тохиосон ховор аз юм. Энэ бодисын химийн судалгааг 1980-1992 онд хийсэн. Судалгааны явцад гайхамшигтай үр дүн гарсан. Тиймээс 2002 онд БНСУ-ын гурван эрдэмтэнтэй гэрээ хийгээд Солонгосын лабораторид биологийн судалгаагаа үргэлжлүүлсэн. Энэхүү биологийн судалгааг Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Тунсаг, Д.Батсүрэн миниий бие, БНСУ-ын гурван эрдэмтэнтэй хамтарч хийсэн. Бид 14 жилийн хөдөлмөр зарцуулсан ажлынхаа үр дүнд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй “DAGURIX” бэлдмэл гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх томоохон ажлын патентыг АНУ эсвэл Японоос авдаг. Бидний хувьд, АНУ-аас патентаа авсан.
Хорт хавдрын эсийг амьтны хэвлийд тариад, эмгэг загвар үүсгэнэ. Тэрхүү эмгэг загвар дээр үйлчлэгч бодисоо өгнө. Амьтан дээр хийх судалгааны явцад маш хүчтэй хавдар устгагч бодис болохыг тогтоосон.
-Яагаад заавал БНСУ-ын гурван эрдэмтэнтэй хамтарч ажиллах болсон бэ?
-БНСУ-ын гурван эрдэмтэнтэй 2002 оноос гэрээ байгуулж, ажилласан. Яагаад заавал Солонгост хийсэн бэ гэхээр манай улсад биологийн сайн судлаачид бий. Гэвч лаборатори байхгүй. Хавдрын 20-иод эсийг маллаад туршилт хийх хүчтэй лаборатори байхгүй. Түүнээс биш манайд молекул, биологи, генетик, эс судлал чиглэлээр сайн эрдэмтэд төрөн гарч байна. Хорт хавдрын эсрэг гаргасан авсан энэ бэлдмэлээ эх орондоо нарийвчилж хийх бодолтой байдаг.
-Тэгэхээр энэ дагуурын хүж өвс маань ямар, ямар хорт хавдарт эерэг нөлөө үзүүлсэн бэ?
-Ургамлаас ялгасан цэвэр бодис дээр молекул, биологийн бүлэг туршилт явуулдаг. Эхлээд хуруу шилний туршилт явуулна. Хавдарын долоон эс дээр эхлээд туршсан. Сүүлд нь хоёр эс нэмээд есөн эс дээр туршилт хийсэн. Жишээ нь, хөхний хорт хавдрын эс, элэг, уушги, ходоод, шулуун гэдэс, бүдүүн гэдэс, хархны хорт хавдрын эс дээр цуврал туршилт явуулсан. Туршилтын явцад дагуурын хүж өвс буюу “DAGURIX” бэлдмэл нь хавдрын эсийн S фазыг зогсоож байсан. Мөн эсийн үржин, нэмэгдэх идэвхийг тав дахин бууруулсан. Зарим тохиолдолд хавдрын эс үржихгүй болох нөхцөл бүрдэж байсан. Ийнхүү маш олон туршилт, судалгааны үр дүнд хавдрын эсийг хөдөлгөөнгүй болгож байгааг хуруу шилний аргаар нотолсон. Дараа нь амьд эс дээр туршдаг. Өөрөөр хэлбэл, хорт хавдрын эсийг амьтны хэвлийд тариад, эмгэг загвар үүсгэнэ. Тэрхүү эмгэг загвар дээр үйлчлэгч бодисоо өгнө. Амьтан дээр хийх судалгааны явцад маш хүчтэй хавдар устгагч бодис болохыг тогтоосон.
-Монголд хорт хавдар устгах ургамал нь ургадаг. Тэр ургамлыг Монгол хүн олж илрүүлсэн. Зургаа, долоон төрлийн хорт хавдар эмчлэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэхээр үнэхээр гайхалтай санагдаж байна. Туршилтын явцад аль хорт хавдарт илүү сайнаар нөлөөлсөн бэ?
Туршилтын явцад хорт хавдраа төрөлжүүлдэг. Гэвч эмнэлзүйн судалгаанд нэлээд их хэмжээний мөнгө зарцуулна. Бид 350 сая төгрөгийн өртөг гаргаад, 40 гаруй хүнд туршилт хийх төсөл бичсэн. Ийм хэмжээний хөрөнгө байвал ургамлаа түүх, станц байгуулах, бодисоо эмийн хэлбэрт шилжүүлэх, ургамлаа тарималжуулах, клиникийн нэгдүгээр туршилт, хоёрдугаарт туршилт, гуравдугаар туршилтанд оруулах ажил эхэлнэ.
-Хөхний хорт хавдрын эс, элэг, уушги, ходоод, шулуун гэдэс, бүдүүн гэдэсний хорт хавдарт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, хорт хавдрын эсийг гурав, дөрөв дахин бууруулсан. Илүү сонгомол үйлчилгээг шулуун, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсэд үзүүлсэн. Тэгэхээр одоо эмнэлзүйн туршилтаа хийх дутуу байна.
-Одоо эмнэлзүйн туршилт хийхэд ямар бэрхшээл тулгараад байна вэ?
-Эхний байдлаар гаргасан“DAGURIX” гэдэг энэ бэлдмэлийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эхний шатанд эмчилгээний зориулалтаар хэрэглэж болно. Одоогоор бол нэг см хүртэлх хэмжээтэй 3-4 үсэрхийлсэн хавдрыг эдгээж байна. Тиймээс бид эмнэл зүйн туршилтаа хийх хэрэгтэй байна. Энэхүү туршилт нь маш хүчтэй үйлчилгээтэй хорт хавдарын эс дээр орчин үеийн эмийн хэлбэрт оруулсан бэлдмэлээ турших явдал. Эмнэлзүйн туршилтыг Эрүүл мэндийн сайдын зөвшөөрлөөр хийдэг. Эхлээд эрүүл хүн дээр, дараа нь өвчтэй хүн дээр туршдаг. Тэгээд туршилтын явцад хорт хавдраа төрөлжүүлдэг. Гэвч эмнэлзүйн судалгаанд нэлээд их хэмжээний мөнгө зарцуулна. Бид 350 сая төгрөгийн өртөг гаргаад, 40 гаруй хүнд туршилт хийх төсөл бичсэн. Ийм хэмжээний хөрөнгө байвал ургамлаа түүх, станц байгуулах, бодисоо эмийн хэлбэрт шилжүүлэх, ургамлаа тарималжуулах, клиникийн нэгдүгээр туршилт, хоёрдугаарт туршилт, гуравдугаар туршилтанд оруулах ажил эхэлнэ.
-Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй энэ ургамал нь Солонгос улсад ургадаг юм уу?
-Солонгос улсад ургадаггүй. Бодисоо мэдсэн учраас химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авч болно. Мөн эсийн өсгөвөр хийгээд, түүнээс бодисоо ялган авч болно. Үүнээс гадна ургамлаа тарималжуулж болно. Эмнэлзүйн туршилтаа хийчихвэл иймэрхүү аргаар эмийн бэлдмэлээ гарган авна. Дагуурын хүж өвс нь Хятад болон Орос улсад ургадаг. Гэхдээ Оросын судлаачид үзэж буйгаар хорт хавдрын эсрэг үйлчлэх хэмжээ нь бага байна гэдэг.
-Эмнэлзүйн туршилтаа Солонгос эрдэмтэдтэй хамтарч хийх санал тавьж үзсэн үү?
-Солонгос улс 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад, хөрөнгө оруулалт хайсан гэсэн. Их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болохоор төвөгтэй байгаа байх. Уг нь био технологийн компаниуд патент худалдаж авах санал гаргадаг юм.
-Олон улсаас патент авсан л бол энэ патентаа компанид зарж болдог гэж сонссон. Та бүхний хувьд ийм боломжийг судалж үзсэн үү?
-Монголд бол бид өөрсдөө зүтгэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, эмнэлзүйн туршилт хийгээд анагаах ухааны практик дээр жинхэнэ эмээ нэвтрүүлэхэд нэлээд хэмжээний хөрөнгө шаардана. Тиймээс бид өөрсдөө хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.
Танд баярлалаа.