Э.Амартүвшин: Театраасаа гарсан ч үргэлж холбоотой байх болно

Хуучирсан мэдээ: 2016.11.29-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин: Театраасаа гарсан ч үргэлж холбоотой байх болно

Монголын сонгодог урлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнийг АНУ-ын "Бостон балет"-д бүжиглэж буй Д.Алтанхуяг, ОХУ-ын Мариинский театрт дуулж яваа Г.Ариунбаатар, Германд уригдаж очоод байгаа Э.Амартүвшин нарын залуусаас харж болно.

Дэлхийн дуурийн урлагт эх орныхоо нэрийг цуурайтуулж буй алдарт баритон хоолойтон, Монгол Улсын Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр Герман улсын Киел хотын театрын тайзнаа Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд 15 удаа дуулах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Одоогоор тэрбээр Риголеттогийн дүрд уригдаж очсон театртаа долоон удаа эгшиглүүлсэн бөгөөд ирэх сарын 12-нд найм дахь тоглолтдоо оролцох юм. Эх орондоо амрахаар ирсэн үеийг нь тааруулж, бид түүнийг уншигчидтайгаа уулзуулж байна.


-Та Монголд ирсэн даруйдаа “Вердийн үдэш” тоглолтод оролцсон байсан. Эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Би өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирлээ. Ирснийхээ маргааш орой “Вердийн үдэш” хэмээх театрынхаа сайхан тоглолтод оролцсон. Тоглолтод Италийн Парма хотын театрын удирдаач Сержио Пеллегрини уригдан ирж, удирдсан юм. Миний хувьд “Риголетто” дуурийн Риголеттогийн  дүрд дууллаа. Мөн энэ сарын 25-нд болсон манай театрын гоцлол дуучин Ш.Наранчимэгийн “Хүний заяа” тоглолтод Х.Билэгжаргалын “Ламбагуайн нулимс” дуурийн Лодонгийн дүрд дуулж, оролцлоо.

-Германы Киел театрын тайзнаа аравдугаар сарын 9-ний өдөр анх та Риголеттогийн дүрд дуулжээ. Таны гэрээ хэзээ дуусах билээ?

-Германы "Киел" хотын тайзнаа энэ оны аравдугаар сарын 9-нөөс 2017 оны зургадугаар сарын 21-нийг хүртэл “Риголетто” дуурийн гол дүрд 15 удаа дуулах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Риголеттогийн дүрд 15 удаа дуулахаас талыг нь дуулчихаад ирлээ. Одоо зургадугаар сарын 21 хүртэл найман тоглолтод оролцоно.


Итали, Орос, Израильд уригдсан

-Германы "Киел" театрын тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу. Европын тайзнаа монгол дуучин анх удаа дууллаа. Тэндхийн үзэгчид ч гайхалтай хүлээж авсан гэж дуулсан?

-Би анхны тоглолтоо өнгөрсөн сарын 9-нд хийсэн. Тоглолт маань үнэхээр сайхан болсон. Германы үзэгчид маш өндөр түвшинд хүлээн авч, үнэлсэн. Тоглолтод өндөр ур чадвартай, олон улсад эрэлттэй байгаа гоцлол дуучид, алдартай найруулагчид ирж ажилласан. Тайз, хувцас үнэхээр гайхалтайгаас гадна олон орны дуучид цугласан маш сайн баг бүрдсэн гэдгээрээ онцлог байлаа. Би Германд “Риголетто” дуурийн долоон удаагийн тоглолтод оролцлоо. Үзэгчид бүх тоглолтын тасалбарыг дуустал үздэг юм байна. Хэдий манай улс олон жилийн замналтай, түүхтэй улс ч гэсэн сонгодог урлагаараа дэлхийн өнцөг булан бүрт хүртлээ хөгжиж чадаагүй шүү дээ. Тоглолтын үеэр “Монголд ийм мундаг чадалтай дуучин байна уу” гэх хэмжээнд үнэлж, хүлээж авсан. Миний хувьд тоглолт үнэхээр амжилттай болж байгаад баяртай байгаа. 

-Тэнд хэчнээн орны дуучид хамтарч ажиллаж байна вэ?

-Миний хувьд дэлхийн олон орны ур чадвартай дуучидтай хамтарч, уран бүтээлээ хийж байна. Миний охин Жильдагийн дүрд БНСУ-ын алдарт сопрано, гоцлол дуучин Хю Жан Лий дуулж байгаа бол Герцогийн дүрд бас Өмнөд Солонгосын тенор залуу дуулж байна. Тэд Германы "Киел" театртай 4-5 жил хамтран ажиллаж байгаа дуучид юм билээ. Шинээр очсон дуучин нь би л байсан. Ер нь “Риголетто” дуурийн хор оркестр, удирдаач нар нь бүгд "Киел" театрын уран бүтээлчид. Уг дуурийн гол дүрд Монгол, БНСУ, Турк, Итали, Грузин зэрэг таван орны дуучин ажиллаж байгаа. Мөн Итали найруулагчтай, хувцасны зураглаачтай баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

-Та гэрээгээ сунгах уу. Магадгүй, бусад том театруудаас өөр онцгой санал хүлээж авсан байж болох юм?

-Би энэ гэрээнийхээ хажуугаар хийх олон ажилтай байна. Москвад Чайковскийн консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийн Ди Лунагийн дүрд дэлхийн алдарт удирдаач Данел Ореньтой хамтран концерт хувилбараар бүтнээр нь дуулах гэж байгаа. Мөн ирэх оны зургадугаар сард Израйль улсын шинэ театрт Данел Орень удирдаачтай хамтран “Хувь заяаны хүч” дуурийн гол дүрд дуулна. Италийн Салерно хотод дуулах гээд хэд хэдэн өөр гэрээ яригдаж байгаа.


Театраасаа албан ёсоор гарч байгаа

-Та дэлхийн томоохон театруудад гэрээгээр ажиллаж байгаа болохоор Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраасаа гарсан гэж ойлгож болох уу?

-Би театраасаа албан ёсоор гарсан. Гэхдээ мэдээж Монголдоо ирээд би хаана дуулах вэ гэхээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театртаа л дуулна. Театртайгаа байнгын холбоотой ажиллана. 

-Сүүлийн жилүүдэд дуурийн дуучнаар суралцаж буй оюутнуудын олширчээ. Таны бодлоор тэдэнд дэлхийн түвшинд гарах ирээдүй, боломж хэр байна вэ?

-Одоогийн байдлаар манай залуус ихэвчлэн Орост дуурийн дуучнаар суралцаж байна. Бүр цаашаа баруун европт энэ чиглэлээр суралцаж байгаа залуус тун цөөн. Гэхдээ боломжгүй зүйл гэж үгүй. Гагцхүү сайн сурч, тэр гарцыг эрэлхийлвэл боломж зөндөө байна. Ер нь залуус явж сурах хэрэгтэй. Тэгж байж л бид Европт гарч, сонгодог урлагийн том соёлтой мөр зэрэгцэн алхах боломжтой болно.

-Та “Миний хувьд дэлхийн хэмжээний том уралдаанууд дууссан” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Тэгвэл алдарт баритон Энхбатын Амартүвшингийн одоогийн мөрөөдөл юу вэ?

-Би мөрөөдсөн мөрөөдлийнхээ дунд нь л яваа болов уу. Миний мөрөөдөл тодорхой. Би олон ч ярилцлагадаа хэлж байсан шүү дээ. Дуурийн дуулаачдын дэлхийн том уралдааны эрэгтэйчүүдийн нас 33-аар хязгаарлагддаг. Миний уралдааны нас дуусах гэж байна. Гэхдээ арай болоогүй. Одоо надад уралдахаасаа илүүтэй гадны том тайзан дээр том дуурийн гол дүрүүдийг бүтээж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага ирсэн гэж ойлгодог. Би улам л цааш, өндөрт явахын төлөө зүтгэнэ. Энэ удаагийн Германд ирсэн маань ч бодож төлөвлөсөн зүйлсийн маань эхлэлийг тавьж чадлаа. 

-Та хэзээ Герман руу буцах вэ?

-Би одоо найм дахь удаагийн тоглолтоо арванхоёрдугаар сарын 12-нд тоглоно. Тэр тоглолтдоо дуулахаар арванхоёрдугаар сарын 10-нд буцна даа.

Германы Киел театрын тайзнаа

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж