Ж.БАТЗАНДАН:
-“Ардчилсан намын ҮЗХ-ноос томилогдсон ажлын хэсгийнхэн дүрмийн төсөл төслөө боловсруулж дууссан. Миний зүгээс дэвшүүлсэн 11 санаачлагын дийлэнх нь дүрмийн төсөлд тусгагдсан. Манай нам өнөөдрийг хүртэл хэвтээ тогтолцоогоор асуудлыг шийддэг, дүрмээ шинэчилж чаддаггүй нам байсан. Тэгвэл энэ удаагийн дүрмийн шинэчлэлээр Ардчилсан нам хагас босоо тогтолцоотой нам болж өөрчлөгдөж байна. Дээд шатны намын дарга удирдлагууд нь доод шатны удирдлагуудаа батламжилдаг тогтолцоо руу орно гэсэн үг.
Ардчилсан намын үндсэн үзэл санаа хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, бизнес болон өмчийн эрх чөлөөг хангахад чиглэдэг. Гэхдээ бид үнэхээр баруун төвийн нам юм бол хүний эрх, эрх чөлөөтэй хамт үндэсний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжих ёстой. Тиймээс энэ төрлийн зүйл, заалтыг оруулж өгсөн. Хүний эрх, эрх чөлөөг дэмжихийн тул нийгмийн шударга ёсыг хангаж өгөх ёстой. Хүний эрх, эрх чөлөө болон үндэсний эрх ашиг тэнцүү хэмжээнд байх ёстой. Их хурал 1210 гишүүнтэйгээр ирэх сарын 6-нд хуралдана. Намын анхан шатны байгууллагууд төлөөлөгчдөө дүрмийн дагуу сонгосон. Энэ Их хурлаар зөвхөн намын үзэл баримтлал, шинэ дүрмийг батлан гаргана. Ардчилсан нам бэлтгэгдсэн байгаа дүрмийн төслөө энэ агуулгаар нь баталж чадвал жинхэнэ Ардчилсан нам болж чадна. Намын их хуралд оролцох бүх гишүүддээ хандан хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн 300-аас доошгүй ажиглагчийг оролцуулах ёстой. Ардчилсан намын дүрмийн шинэчлэл нь олон нийтээр хэлэлцэгдэж боловсрогдсон учраас батлаад явах ёстой гэж үзэж байгаа. Намын Их хурлаар бүлэглэлүүд өөрсдийнхөө сонирхолд нийцүүлж одоогийн боловсруулсан дүрмийг өөрчлөх вий” гэв.
- Ийнхүү мэдээлэл хийсний дараа хэвлэлийнхний зүгээс Ардчилсан намын анхан шатны байгууллагууд хуралдаж чадахгүй байгаад түүнээс тайлбар хийхийг хүссэн юм.
Уг асуултад тэрбээр “Намын анхан шатны байгууллагуудтай холбоотой ийм мэдээллүүд ирж байгаа. Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад тухай бүрт нь гомдлыг дамжуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын зарим үүрүүд харъяаллын бус гишүүнийг Их хуралд оролцуулахаар сонгосон гэх мэдээлэл ирж байгаа. Энэ хүмүүсийг хүлээж авахгүй байх шаардлагыг хүргүүлж байгаа” гэж хариуллаа.