УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2016.11.28/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар оролцлоо.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2017 оны улсын төсвийг дүгнэж хэлсэн юм. Тэрбээр “Улсын төсвийг алдагдал багатай баталж, зарлагаа дээд хэмжээнд танасан байх ёстой гэдэг шаардлагыг Ардчилсан намын бүлэг хүргүүлсэн. Алдагдлыг ДНБ-ний 6,8 хувьд оруулж бууруулах боломжоо ашиглаж чадаагүй. Макро түвшинд төсвийн алдагдлаа бууруулахгүй бол гадаад зах зээл дээр эдийн засгийг үнэлэх үнэлэмж муудна. Тиймээс төсвийн алдагдлыг бүх боломжоор бууруулах ёстой гэсэн шаардлага тавьж байна. Төсвийн урсгал зардлыг 2,2 их наяд төгрөгөөр нэмж, 10 гаруй сайдын багц урьд өмнөхөөс нэмэгдсэн байна. Тиймээс төсвийн урсгал зардлыг багасгах ёстой гэсэн шаардлагыг Ардчилсан намын бүлэг хүргүүлсээр байх болно” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Маргааш байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулна. Гэвч шалгалтын тайлан, материал манай бүлэг дээр ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан. Дээр нь Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг гурав хоногийн өмнө манай бүлэг дээр ирүүлэх ёстой байсан. Гэвч хуулийн хугацаанд ирүүлээгүй учир долоо хоногоор хойшлуулах саналыг Ерөнхий сайдад тавьж байгаа юм. Бидний хүсэлтийг Ерөнхий сайд авч үзээд, Ардчилсан намын бүлгийн байр суурьт хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна” гэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг ямар ч байдлаар өөрчилж оруулж ирээд хэрэгжих боломжгүй. Учир нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэх мэт дөрвөн үндсэн хуультай уялдаж хэрэгжих ёстой байсан. Гэтэл тэдгээр хуулийг буцаасан. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг оруулж ирж байгаа нь олон түмний тархийг угаасан үйлдэл юм” гэлээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа Хөгжлийн банкнаас авсан зээлийн 60 хувь нь МАН-ын гишүүдтэй холбоотой гэлээ. Хэн хэдэн төгрөгийн зээл авсан байдаг вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хөгжлийн банкнаар дамжиж гарсан зээлийг Ардчилсан нам аваад зарцуулсан гэх яриа үндэслэлгүй. Энэ банкнаас гарсан зээлийн 60 орчим хувь нь өнөөдрийн УИХ-д сууж байгаа МАН-ын гишүүдэд хамаатай. Өөрсдийнх нь аж ахуй нэгж дээр олгогдсон зээл болох нь нотлогдсон. Гэтэл үүнийг ярихгүй байж Ардчилсан нам идсэн, уусан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Зээл авах бол аль ч компани дээр байдаг асуудал. Гэтэл хэт улстөржүүлж, цаанас нь ямар ашиг сонирхол агуулж байгааг ил болгох хэрэгтэй” гэсэн хариулт өглөө.