БОАЖЯ байгаль сүйтгэгчдийг хянах эрхгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.11.28-нд нийтлэгдсэн

БОАЖЯ байгаль сүйтгэгчдийг хянах эрхгүй байна

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ гэж заажээ. Энэ нь уул уурхайн олборлолт, хайгуул явуулж байгаль орчныг сүйтгэсэн этгээдийг салбарын яам нь шууд хянаад, хариуцлага тооцоод явах боломжгүй гэсэн үг юм. Байгаль орчин аялал жуулчлалын яам ганцхан компаниудын үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөг нь хянах эрхтэй аж. Гэтэл уг төлөвлөгөөгөө боловсруулж, хянуулдаг компаниуд тун цөөхөн болсныг БОАЖЯ-ны газрын дарга Д.Даваасамба ярилаа. Тэрбээр “Бичил уурхайчдыг тогтмол хяналттайгаар тогтвортой ажилуулбал байгальд нөлөөлөх сөрөг нөлөөллүүд нь арилна” гэж үзэж байна. Одоогоор уурхайн олборлолт явуулж буй газруудад тоосжилт байх ёстой түвшинээсээ хэтэрч, Хараа, Ерөө, Орхон зэрэг голуудын урсгал багасч, бохирдлын хэмжээ нь нэмэгджээ. Говийн нутгуудад гадарга доорх ус буюу гүний худгийн усыг ундандаа ашиглах боломжгүй болж эхэлснийг судлаач тодотголоо.

Хууль зөрчиж олборлолт явуулсан компаниудаас болж бохирдсон хамгийн сүүлийн жишээ Орхон гол. Өнгөрсөн зургадугаар сараас эхэлж тус гол шороогоор урсаж, хүн, мал ундаалах боломжгүй болсныг нутгийн малчид мэдээлж эхэлсэн билээ. Иргэдийн гомдлын дагуу БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаагийн байгууллага хамтарсан ажлын хэсэг гарч Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэд алт олборлож компаниудад шалгалт хийсэн байдаг. Компаниудад алт угаасан усаа гол руу урсахаас хамгаалсан даланг мэргэжлийн түвшинд барих, холбогдох хууль, журмын дагуу олборлолт явуулах бичиг баримтаа бүрдүүлэх, татвараа төлөх шаардлага тавьж, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон юм. Холбогдох байгууллагууд хяналтаа чангатгасны дүнд Орхон голын бохирдол 80 хувиар арилсан гэдгийг иргэн Г.Чагнаадорж хэлж байна.

Салбарын яам нь хариуцлагатайгаар хууль зөрчиж буй компаниудаа хянаад, байгаль бохирдуулсан этгээдээр зөрчлийг нь дор бүр нь арилгуулаад явбал асуудал хурцдахгүйг байгаль орчны иргэний зөвлөлийнхөн онцоллоо. Хяналт муугаас болж, байгаль бохирдон, хөрс гэмтэж, тоосжилт ихсэх тусам хорт хавдраар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэх болжээ.

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж