Газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэд цахим биржээр авдаг болох аж. Бэлтгэл ажил үндсэндээ дуусч байгаа талаар албаныхан өнгөрөгч пүрэв гаригт /2016.11.24/ мэдээллээ.
Цахим биржээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, лавлагаа мэдээллийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлэх аж. Ингэснээр наад зах нь газрын дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж, танил тал, мөнгө төгрөгөөр наймаалцдаг явдлыг арилгаж, цэгцлэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан тайлбарлалаа. Хамгийн гол нь газрын бодит үнэлгээг бий болгох ач холбогдолтой гэлээ. Мөн газар болон дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлтийг тогтворжуулах, энэ талын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг биржээр зохицуулах аж.
Тухайлбал, газрын цахим биржээр таван төрлийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
1.Төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах
2.Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, зуучлах
3.Монгол Улсын иргэний өмчилсөн газрыг худалдах
4.Газар эзэмших эрхийн барьцааны лавлагаа гаргах
5.Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх гэсэн үндсэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж.
Ингэж газрын цахим бирж ажиллуулснаар газрыг шударга бус харьцангуй үнэлдэг, эсвэл мөнгөтэй, эрх мэдэлтэй нь дуудлага худалдааг авлигаар өөрийн болгодог зэрэг гол тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ хэмээн харж байна.
Дашрамд дуулгахад, “Газрын биржийн ажиллах журам”-ын төслийг боловсруулж дуусчээ. Одоо Засгийн газрын хуралдаанаар оруулах ажил л үлдсэн байна.
Б.ЗАЯА