Цагаан ордны тэргүүн өөрчлөгдсөнөөр АНУ болон ОХУ-ын харилцаа өөрчлөгдөнө хэмээн харж байна. Барак Обамагийн засаглалын үед АНУ болон ОХУ-ын харилцаа хүйтэн дайнаас хойших хамгийн муу хэмжээнд хүрч, зөрчилдөөд байгаа юм. Крымийн хойг ОХУ-д нэгдэж, Украины зүүн хязгаарт бослого дэгдсэнээс болж АНУ Москвагийн эсрэг эдийн засгийн хориг тавьж, НАТО хамтын ажиллагаагаа цуцалсан билээ.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ирэх нэгдүгээр сард тангараг өргөхөөр бэлдэж байгаа. Трамп бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй сайн харилцаатай нэгэн. Дональд Трампыг энэ арваннэгдүгээр сарын 8-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг бол Владимир Путин. Тэрбээр АНУ-тай уулзалт хэлэлцээг эхлүүлж, харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа мэндчилгээндээ онцолжээ. Владимир Путин хожим Дональд Трамптай утсаар харилцахдаа дэлхийн аюулгүй байдлын ашиг сонирхлын төлөө ОХУ болон АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бодитой, харилцан ашигтай байх хэрэгтэй” хэмээсэн байв. Харин Дональд Трамп хэлэхдээ “ОХУ сайн харилцаа тогтоон төлөвшүүлнэ” хэмээсэн юм.
Юун түрүүнд, тэрбээр хоёр орны засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийг сэргээж, ОХУ-тай хамтран “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэхэд анхаарах гэнэ. Мөн ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг цуцалж, хоёр талын худалдаа наймааг нэмэгдүүлэх аж. Дональд Трамп ардчилал, хүний эрхийг сурталчилахад анхаарахгүй. Харин НАТО-гийн үйл ажиллагаа, гишүүн орнуудын татвар, төсөвт багагүй анхаарах гэнэ.
Түүхэндээ ЗХУ-ын лидерүүд АНУ-ын бүгд найрамдах намынхантай хялбар ойлголцдог байжээ. Иймээс Бүгд найрамдах намаас гарч ирсэн Дональд Трампад багагүй найдлага тавьж байгаа аж. Путины “Нэгдсэн Орос” намын гишүүн Сергей Железняк “АНУ-д хуримтлагдсан ноцтой асуудлууд тэр дундаа ОХУ-тай дайсагнасан харилцааг шийдэх Трампын төлөвлөгөөг ард түмэн дэмжлээ” хэмээн мэдэгджээ. Гэвч Дональд Трамп бол урьдчилан тааварлашгүй, тогтворгүй ааштай нэгэн. Түүнд мэргэжлийн зөвлөх ойрын хүмүүс хангалтгүй. Дональд Трампын улс төрийн мэдлэг боловсрол, алсын хараа Владимир Путины хаа ч хүрэхгүй.
Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2009 онд ОХУ-тай харилцааг шинэчлэх амлалт өгч байсан ч бүтэлгүйтсэн. Тухайн үед ОХУ болон АНУ-ын харилцаа Гүржийн зөрчлөөс үүдэн муудаад байв.