Ардчилсан намын Их хурлаа арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр товлоод байгаа билээ. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд намын Их хурал оролцох гишүүд төлөөлөгчөө сонгохоор анхан шатны байгууллагууд нь хуралдсан. Гэвч, Орхоны Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумаас төлөөлөгчдийг сонгохдоо “Ардчилсан намын ярьж байгаа шинэчлэлийн хүрээнд өрнөсөнгүй” гэсэн шүүмжлэл дагуулаад байна. Тиймээс Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт шаардлага хүргүүлжээ. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагадаа “Ардчилсан нам их хурлын төлөөлөгчдөө сонгохдоо Коммунист нам шиг хуйвалдааны аргаар, хаалттай байдлаар, хурал зохион байгуулах эрхгүй этгээд хурлыг зохион байгуулсан болж жүжиглэлээ” гэдгийг дурдаад “Бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд хэвлэл мэдээлэлд хандах ба цаашид жагсаал цуглаан, өлсгөлөн зарлах хүртэл тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож Дархан-Уул аймгийн, Ардчилсан намын шинэчлэлийг хуулийн хүрээнд явуулах хүртэл тэмцэх болно” гэдгийг сануулсан байна.
Б.БАЯР
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Дархан-Уул аймгийн Ардчилсан нам 2016 оны УИХ сонгуульд 3:0 , Аймгийн сонгуульд 33:0, Дархан сумын сонгуульд 30:1 –р үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ удаагийн сонгуульд ч бус сүүлийн 16 жилийн хугацаанд бүх шатны сонгуулиудад ялагдал хүлээж ирсэн.
Энэ удаагийн намын шинэчлэлийг Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу , үнэнч шударгаар явагдана гэж Дарханы олон мянган намын гишүүд хүлээж байлаа. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.
Ардчилсан намын 6-р их хуралд төлөөлөгчийг сонгох журмын дагуу Их хурлын төлөөлөгчидоо сонгож чадсангүй.
Ардчилсан нам их хурлын төлөөлөгчдөө сонгохдоо Коммунист нам шиг хуйвалдааны аргаар , хаалттай байдлаар , хурал зохион байгуулах эрхгүй этгээд хурлыг зохион байгуулсан болж жүжиглэлээ. Ардчилсан намын үзэл баримтлал үндсэн дүрэм батлах 6-р их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын 4.1 д Их хуралд анхан шатны намын байгууллагаас оролцох төлөөлөгчдийг Сумын намын хороо , дүүргийн хороодын намын үүрийн хурлаас сонгож тогтоол гаргана гэжээ .
Энэ журмыг баримталж төлөөлөгчөө сонгож чадсангүй. Сумын дарга гэх О.Цолмон , хууль ёсны хяналтын хорооны 2014 оны 10 сарын 13 өдрийн 03 тоот шийдвэрээр баталгаажсан Дархан сумын дарга Б.Баяраа нарыг ор оролцуулсангүй , сумын зөвлөлийн гишүүдээ оролцуулж хурлыг зохион байгуулсангүй. Зөвхөн сумын намын хуурамч тамгыг ашиглаж аймгийн намын дарга биш , сумын намын дарга биш Д. Мягмардаш гэж хүн компанийн оффистоо нэг үүрээс 10 хүрэхгүй хүнд нууц байдлаар цуглуулж хурлыг зохион байгуулсан болж хурлын төлөөлөгчийг сонгосон дүр эсгэж байна.
Арван мянган хүн амтай аймгийн намын үүрийн хурлыг хаалттайгаар нууц байдлаар компанийнхаа байранд нууцаар зохион байгуулж Ардчилсан намыг Ардчилсан намын гишүүдийг доромжилж байна. Манай Дархан сумын нам 1 үүр дээр доод тал нь 200-300 гишүүнтэй . Нээлттэй байдлаар Дархан сумаас хурал хаана болох , ямар байршилд болох талаар гишүүддээ зар өгөлгүй зөвхөн үүрийн дарга гэх хэдхэн хүнийг цуглууж энэхүү журмыг зөрчиж хурлын төлөөлөгчийг сонгосон дүр эсгэлээ.
Манай нам Дархан-Уул аймагт 10000 гаруй гишүүнтэй. Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг ах дүү Дашууд , тэдгээрийн гар хөл болсон Г.Гантулга нар 16 жил удирдахдаа яг өнөөдрийнх шиг 1 үүрийн үйл ажиллагааг 10 хүрэхгүй хүний хүрээнд намын үйл ажиллагааг 100 гаруй хүрээнд л явуулсанаас энэ олон жилийн ялагдалын гол үндэс болсон гэж үзэж байна.
Бид дараах шаардлагыг хүргүүлж байна.
О.Цолмон ч байна уу ? Б.Баяраа ч байна уу ? албан ёсны Дархан сумын намын даргыг нь хэнийг гэж төв намаас үзэж байгаа. Тэр хүнээр Дархан сумын зөвлөлийг хуралдуулж , үүрүүдийн хурлыг зохион байгуулах байршил, цаг зэргийг намын гишүүдэд нээлттэйгээр зарлаж төлөөлөгчийг сонгох хурлыг зохион байгуулахыг Дархан суманд, Ардчилсан намын 6-р их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс даалгаж өгнө үү?
Хурал зохион байгуулах эрхгүй этгээдээс зохион байгуулсан , хаалттай байдлаар намын гишүүдийг оролцуулж хийгээгүй Бурханхалдун компанийн оффисст хуралдсан гэх , хууль бусаар сонгогдсон гэх 6-р их хуралд оролцохоор сонгогдсон биш томилогдсон хүмүүст хурлын мандат олгохгүй байх
Энэхүү шинэчлэлийг намын үндсэн дүрмийн дагуу намын гишүүдийг бүрэн хэмжээгээр оролцуулж эв нэгдэлийг хангаж , дүрэм журмын дагуу хурал зохион байгуулахыг шаардаж байна.
Бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд хэвлэл мэдээлэлд хандах ба цаашид жагсаал цуглаан, өлсгөлөн зарлах хүртэл тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож Дархан-Уул аймгийн, Ардчилсан намын шинэчлэлийг хуулийн хүрээнд явуулах хүртэл тэмцэх болно.
ДАРХАН УУЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД