Тарифын өөрчлөлт экспортод нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

Тарифын өөрчлөлт экспортод нөлөөлөхгүй

2010 онд Улаанбаатар төмөр зам 5.7 сая тонн нүүрс тээвэрлэн, 16 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Иймд ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн нүүрсний тээвэрлэлтийн үнийг тонн тутамд нь одоогийнхоос 15 хувиар өсгөх буюу 15.2 төгрөгөөс 18 төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэсэн ч тээвэрлэлтийн үнийг 15 хувиар бус, 38 хүртэлх хувиар нэмэгдүүлж байж Улаанбаатар төмөр зам алдагдлаа нөхөх юм байна.

Төрийн өмчийн уг байгууллагын энэхүү  алхам нь ДЦС-ууд болон алдагдалтай ажиллаж буй Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд нэмэлт дарамт учруулж, улмаар дулаан цахилгааны үнэд нөлөөлж болох юм.

Харин нүүрсний экспортод үнийн энэхүү өөрчлөлт нь нөлөөлөхгүй гэж зарим шинжээч үзэж байна.

Санхүүгийн зөвлөх Рэскап-ын шинжээч Д.Энхбаяр тарифын өсөлт нь Хятад, Оросын хил дээрх компаниудын нүүрсний экспортод төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна. Оросын Алс Дорнод руу нүүрс экспортлохоор зэхэж буй "Шарын гол" компанийн хувьд тээвэрлэлтийн үнэ нь км тутамд 1.2 ам. цент/тонн байхаар тооцож буй нь олон улсын төмөр замын тээвэрлэлтийн дунджаас хоёр дахин бага үнэлгээ ажээ. Энэ тооцоог Улаанбаатар төмөр замын тарифын өөрчлөлт нь 0.40 ам.центээр нэмэгдүүлэх тухай тэрбээр дурджээ.

Нөгөөтэйгүүр энэхүү тээврийн үнийн өсөлт нь Хятад руу нүүрс экспортолдог компанид огт нөлөөлөхгүй юм. Учир нь Монголоос тус улс руу зөвхөн хүнд даацын ачааны машинаар тээвэрлэлт явуулж буйг шинжээчид хэлж байна.

Хэрэв нүүрсний тээвэрлэлтийн тарифыг цаашид үргэлжлүүлэн нэмбэл компаниуд Хятад руу бүтээгдэхүүнээ түлхүү нийлүүлэх бодлого барьж магадгүй юм.  

Улаанбаатар төмөр замын хувьд үнээ нэмэгдүүлж эхэллээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яам нүүрс болон цахилгаан дулааны үнийг шат дараатайгаар нэмэгдүүлэхээ мэдэгдээд буйтай энэхүү үнийн өөрчлөлтийн алхам уялдаж байна. Нүүрс, дулаан цахилгаан, мөн тээвэрлэлтийн тарифын “чөлөөлөлт” хэдийнэ эхэлчихсэн бололтой.
 

Б.Төгс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж