Оюутан, сурагч, цэргүүдээр цас цэвэрлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

Оюутан, сурагч, цэргүүдээр цас цэвэрлүүлнэ

Нийслэлийн удирдлагууд цаг агаарын нөхцөл байдал, халтиргаа гулгаа их байгаатай холбогдуулж өнөөдөр өглөө Шуурхай зөвлөгөөнөө хийлээ.

Энэ үеэр цас цэвэрлэгээний асуудлыг хэрхэн хурдан шийдэх талаар ярилцаж, нийслэлийн Засаг дарга С.Батболд “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гэдгийг анхааруулжээ. Тухайлбал, хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах ажилд хүч нэмэгдүүлэх, холбогдох байгууллагуудтай нь ярилцсаны үндсэн дээр цэргийн алба хаагчид болон оюутан, ахлах ангийн сурагчдыг энэ долоо хоногт гудамж талбайн цасыг цэвэрлэх ажилд туслуулахыг үүрэгдсэн байна.

Нийслэлийн зарим хэсэгт цасны зузаан 16-21 см хүрчээ. Хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй ч халтиргаа, гулгаа эрс нэмэгдсэнийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна. Харин Замын цагдаагийн албанаас зам мөстсөний улмаас түгжрэл нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсныг онцлоод, Хайлааст, шинэ Гэмтлийн гээд зарим өгсүүр газарт гулгаа их үүсч, автомашины хөдөлгөөн саарч буйг анхаарууллаа.

Өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэжээ. Ингэж тохижилтынхон ажиллаад байгаа ч шөнө нь цас хялмаалаад хальтиргаа гулгаа улам нэмэгдэх болсон хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тайлбарлав.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж