Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай ажиллагааны мэдээг гаргаад байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар байрны 1 дүгээр орц 2 давхар 05 тоот айлын цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 18:40 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, долоон настай М цонхны тавцан дээр гарсан байсныг 3 дугаар давхраас аврах олсоор бууж, цонхоор оруулж аюулгүй болгон ар гэрийн хүнд хүлээлгэн өгсөн байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Найрамдал гэдэг газар иргэн А-ын “Санато” загварын автомашин усанд цөмөрсөн гэсэн дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Баянгол сумын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, А /36 настай, эрэгтэй/, Г /36 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нарын 3 иргэнийг татан гаргаж, аюулгүй болгосон байна.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн Шанд гудамжийн 20 тоотод иргэн Д-н “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 16:49 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж аюулгүй болгожээ.
Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 25 дугаар гудамжийн 02 тоотод “Би нисэх дуртай” цэцэрлэг шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 20:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж аюулгүй болгосон байна.