Судлаач, эрдэмтэд Далай багштай санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

Судлаач, эрдэмтэд Далай багштай санал солилцлоо

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийж буй номын айлчлал хоёр дахь өдрөө “Оюун санаа ба амьдрал” шинжлэх ухааны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Америкт төвтэй олон улсын эрдэмтдийг нэгтгэсэн “Оюун санаа ба амьдрал” хүрээлэнгээс хоёр, Монголоос дөрвөн судлаач эрдэмтэн Далай ламын оролцсон хэлэлцүүлэгт уригджээ. Тэд,

  • "Монголын өнөөгийн нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ",

  • Бясалгал ба тархи-мэдрэл судлалын шинжлэх ухаан нийгмийн оролцоотой Буддизм”,

  • "Буддын логик ба Шинжлэх ухаан", "Квант физик ба Буддын мэдлэг ухаан",

  • "Бясалгал болон өвчнийг тархи-мэдрэл судлалын шинжлэх ухааны үүднээс судлах нь",

  • "Биологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт ба Буддизм"

сэдвүүдээр судалгааны ажлын үр дүнгээ дэлгэн хэлэлцүүлж, Далай ламтай өөрсдийн дэвшүүлсэн асуудлаар санал бодлоо солилцов.

“Оюун санаа ба амьдрал” хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монголын нийгэмд шашинд шинжлэх ухаанч байр сууринаас хандах хандлагыг бий болгох, Монголын судлаач эрдэмтдийг “Оюун санаа ба амьдрал” хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран судалгаа хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Залуу судлаач эрдэмтдийн энэ чиглэлийн судалгааг дэмжиж, цаашид тэдний бүтээлийг олон нийтийн хүртээл болговол  Монголын уламжлалт ба орчин цагийн судалгааны ололт амжилтыг олон улсад сурталчлах, ач холбогдолтойг судлаачид онцолж байлаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, гадаад дотоодын зочид, их дээд сургуулийн багш нар, оюутнууд, олон нийтийн төлөөлөл болсон 1000 гаруй төлөөлөгч оролцсон юм.


АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР:

2016 оны 11-р сарын 22. Мягмар гариг

  • 10:00-12:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзана. /Соёлын төв өргөөнд/

2016 оны 11-р сарын 23. Лхагва гариг

  • 07:45-08:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хэвлэлийн бага хуралд оролцоно. Хурал “Их тэнгэр” цогцолборт болно.

 

  • 08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үдэн гаргана.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж