Норвегид томоохон халдлага боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.23-нд нийтлэгдсэн

Норвегид томоохон халдлага боллоо

Норвеги улсын Утояа аралдахь хүүхдийн зуны зусланд баасан гаригт цагдаагийн дүрэмт хувцастай зэвсэгт этгээд гал нээж, наад зах нь 80 хүний аминд хүрчээ. Үүнээс цаг орчмын дараа нийслэл Осло хотод дахин тэсрэх бөмбөгтэй халдлага болсон тухай хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Эл хэрэгт холбоотой байж болзошгүй 32 настай Норвегийн иргэнийг цагдаа нар баривчилж байцааж байна.

Арал дээр болсон халдлагын үеэр 80 орчим хүн амиа алдсан бол Осло хотод болсон дэлбэрэлтийн үеэр долоон хүн амь эрсэджээ. Тэсрэх бөмбөгтэй халдлагад Норвегийн Ерөнхий Сайд Женс Столтенбергийн ажлын байр өртөж, ихээхэн хохирол учруулсан байна. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд уг халдлагыг баруун жигүүрийн хэт даврагсад үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байгаа аж. Учир нь арлын зуслангийн хөтөлбөрийг Норвегийн эрх баригч Хөдөлмөрийн намын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд хэдэн зуун хүүхэд залуус уг хөтөлбөрт хамрагдан амарч байсан байна.

Халдлага болох үед арал дээр байсан гэрчүүд гэмт этгээдийг цагдаагийн дүрэмт хувцастай, өндөр нуруутай, шар үстэй байсан гэж дүрсэлсэн байна. Хүүхэд залуучуудыг эхлээд цуглуулж байснаа гэнэт учир битүүлгээр гал нээж эхэлсэн этгээдийн сумнаас хүүхдүүд зугтахыг хичээж, ус руу орох нь орж, ой руу хэсэг нь гүйлдсэн ч, өнөөх этгээд тэдний араас хайр найргүй галласаар байжээ. Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар цаашид голын уснаас цогцос нэмж олдож болзошгүй байна. Харин Осло хотын хувьд засгийн газар нь иргэдээ аль болох гэрээсээ гарахгүй байж, олны хөлийн газар болоод хотын төвөөр очихгүй байхыг анхааруулж байна. 

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж