Монголчуудын дунд хэлц үг мэт тархсан “Мичин жилийн хатуу өвөл” хэдийнээ айлчилжээ. Зуд турхан гэж муу амлахаа байя гэвч байдал үнэхээр хүнд байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон сануулсны тусаар аймаг, орон нутагт бэрхшээл харьцангуй бага байсныг дундах нь зүйтэй болов уу. Баруун, зүүн, төвийн бүс нутгийн аймгуудад цас их хэмжээгээр орж, шуурч хунгарласнаас мал бэлчээрлэж чадахгүйд хүрсэн. Зарим газартаа 40-50 см зузаан цас хунгарлаж, зам даваа хаагдсан нь мичин жилийн хүнд өвлийн ердөө эхлэл байлаа. Эртнээс сануулга өгсөн өвөл, хаврын бэлтгэл ямар байгааг зарим аймгийн дарга удирдлагуудаас тодруулснаа уншигчдадаа хүргэе.
ХОВД: ЦАГ АГААРЫН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙНА
Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди:
–Баасан гаригийг бодвол цаг агаарын байдал, цас зуд харьцангуй тогтворжиж байна. Манай аймгийн хэмжээнд сүүлийн хоёр хоног цас ороогүй. Хамгийн алсын сумд болох Булга, Алтай, Үенчид Улсын онцгой комиссын гишүүд очиж байдлыг газар дээр нь үзээд өнөө өглөө аймгийн төвд ирээд байна. Бид өнгөрсөн хоногуудад боломжит арга хэмжээг авч ажилласан. Цаг эрт байгаа ч цас их унаж, зудархуу байдалд хүрсэн нь маш том сургамж боллоо. Өвөл, хаврын улиралд цаг хатуурч мэднэ гэдгийг байгаль дэлхий эртнээс сануулсан тул эрчимтэй ажиллаж эхэллээ. Туулах чадвар сайтай дөрвөн машин ажиллуулсан маань их хэрэг боллоо. Пургон машинтайгаа төөрсөн зургаан иргэнийг эсэн мэнд олж, гэрт нь хүргэлээ. Цаг агаар хүндэрсэн гурван сум хил орчмын, төвөөс алслагдмал сум учраас багагүй сандаргалаа. Малчны хотонд очиход хүндрэлтэй, 20-80 см зузаан цастай, бензин тосны хүрэлцээ дутмаг байгааг хойшид анхаарч ажиллана. Одоогоор мал хорогдоогүй, өвс тэжээлийн нөөц хангалттай байгаа гэлээ.
Ховд аймгийн хувьд 2002, 2009 онд зудын байдалтай өвөлжиж байсан бөгөөд өмнөх туршлагадаа тулгуурлан өвөл, хаврыг хүндрэлтэй багатай туулахын төлөө зүтгэж байна гэдгийг хэллээ.
СЭЛЭНГЭ: ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ГОЛОМТ НАМЖСАН
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа:
-Манай аймгийн хойд талын сумд маш их цастай, зудархуу байдалтай байна. Сант, Хушаат, Цагааннуур, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө сумд цас ихтэй байгаа. Орхон, Орхонтуул сумдад цас харьцангуй бага байгаа ч хонины цэцэг өвчин гараад асуудалтай байлаа, нэг хэсэг. Одоогоор цэцэг өвчний голомт бүрэн намжсан. Байгаль цаг уурын хүндрэл, бэрхшээл манай аймгийг тойрохгүй гэсэн дохиог өнгөрсөн хэдэн хоногт санууллаа. Багадаа л 20-30 см цастай байгаа болохоор үлдэж 150 хоногт өвс тэжээл зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдсан учир аймгийн хэмжээнд тэжээлийн будаа, нөөцийн өвсөө гадагш гаргахгүй, худалдаалахгүй байхыг малчид, тариаланчдадаа сануулаад байна. Одоо байгаа нөөц маань өвөл, хаврын турш хүрэлцэхгүйд хүрч мэднэ гэсэн болгоомжлол байна. Манай аймгийн малчдын хувьд отрын бүс нутаггүй шүү дээ. Төв аймгийн Цээл сум орчимд оторлодог боловч энэ жилийн Төв аймгийн малчид олноороо оторлож буй сурагтай байгаа. Тиймээс манай малчдад оторлох боломж хомс, суурин шахуу өвөлжиж, хаваржих тул эртнээс бодолцож, бэлтгэл хангах нь зүйтэй гэж үзэж байгаа гэлээ.