Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн сүсэгтэн олонд зориулсан Богд ламын ван авшиг номын айлтгал Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна. Үдээс өмнөх номын айлтгалд оролцсон сүсэгтэн олон тус спорт цогцолборт багтахгүй болсон тул цагдаа нар хамгаалалтад гаран, цогцолбор руу орох бүх гарцыг цоожилсон юм.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн номын айлтгалыг сонсох гэсэн настангууд хамгаалалтад гарсан цагдаа нараас оруулахыг гуйж, зарим залуучууд нь дайран орсоор байлаа.
Энэ үеэр хүүхдээ хөтөлсөн эмэгтэйчүүд, нас өндөрт гарсан ээж, аав, өвөө, эмээгээ дагуулсан иргэд олны хөлд дайрагдаж, унаж бэртэх тохиолдол гарлаа.
Цагдаа нарын хамгаалалтыг үл тоосон зарим залуус /хашаа давсан эмэгтэй ч хүн байлаа/ хашаа давж, бусдыгаа уруу татах тохиолдол ч гарсан.
Хамгаалалт эвдэж, гуйж орсон иргэд дунд номын айлтгал болж буй танхимд ороод зохион байгуулагчдын үгийг үл ойшоож, ийш тийшээ холхилдон далай багшийг багтаасан зураг даруулсан шигээ зогсох.
Эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд иргэдэд шаардлага тавих лам нар номын дууг сууж сонсдогыг учирлаад, суухыг хүссэн ч, тэдний үгийг үл тоож байв. Энэ зураглал бол өнөөдрийн Буянт-Ухаа цогцолборт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн номын айлдварыг сонсох гэж цугласан олны дүр зургийн нэгээхэн хэсэг.
Эндээс монголчууд ямар эмх замбараагүй, зохион байгуулалтгүй, олноороо түрий барьж цагдаа нараа үл тоодог нь харагдана. Үнэхээр номын айлдварыг сонсох гэж ирсэн бол гар утсаа далд хийгээд зохион байгуулагчдын үгэнд орж, доош залбиран суумаар. Гэтэл зарим нь ийм байсангүй. Хүсч, зорьж ирсэн настангууд л хүзүүгээ шар хадгаар ороож, нүдээ анин залбиран сууж байлаа.
Бүр болоогүй хадагны наймаа хийдэг худалдаачид ч тус цогцолборт аль хэдийн байрлалаа олсон зогсоно.
“Буянт-Ухаа” спорт цогцолбор нь 5000 хүний суудалтай. Номын айлтгал өргөх хуваарийг эрт мэдсэн цөөнгүй иргэд цогцолборын гадаа хонож, өглөөний 06.00 цагт дугаарлан ордон руу орж, суудлаа эзэлсэнийг цагдаа нар мэдээллээ. Далай багшийн тухайд хөтөлбөрт тусгасан хуваарийнхаа дагуу айлтгалаа эхлүүлжээ.
Улмаар XIV Далай багш сүсэгтэн олонд зориулж Богд ламын ван авшиг номыг айлтгасан. Мөн энэ үеэрээ мандал өргөж, адис хүртээсэн. Мандал өргөх ёс нь бурханы шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг. ‘’Шимийг авах’’гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг дээд гурав тэргүүтнийг баясган тахиж,хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувилган өргөдөг.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ