Дурсамж сэргээх “Миний дуунууд”

Хуучирсан мэдээ: 2016.11.19-нд нийтлэгдсэн

Дурсамж сэргээх “Миний дуунууд”

Цас орсоор. Хэдийгээр жиндүү мэт байгаа ч хэн хэнгүй дотроо дурсамж бүхнээ тээгээд алхана. Зүрх сэтгэлийн угт нэг л хөндүүрийг сэдрээх нь дурсамж байдаг. Дурсамжаа сэргээсэн, дурсамжаа үгүйлсэн, дурсамжаа дуугаар тайлсан ийм нэгэн тоглолтын эзэн бол хөгжмийн зохиолч Л.Балхжав билээ.Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 18 дахь жилдээ болж байна. Өчигдөр “UB Palace”-ийн концертын их танхимд нээлтээ хийсэн энэхүү тоглолт өнөөдөр дахин тоглогдоно.

Хөгжмийн зохиолч Л.Балхжав нэгэн ярилцлагандаа “Би анхны бие даасан тоглолтоо 1999 онд хийж байлаа. Түүнээс хойш тасралтгүй энэ тоглолт үргэлжилж байна. Уран бүтээлийн ургацтай зүйрлэдэг. Тэгвэл энэ намрынхаа ургацыг хураахад бэлэн болжээ. Дууг гурван жигүүртэй гэдэг. Харин тоглолт бол найруулагч, зураач, бүжигчид, дуучид, хөгжимчид, тайзны ажилтан гээд маш олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн байдаг юм. Би хүний сонсох дуртай дуу л хийхийг боддог. Дуунуудыг минь сонсоод ямар нэгэн ухаарал аваасай гэж хүсдэг. Эх орондоо оршин тогтнох сонирхол, бахархлыг аваасай л гэж уран бүтээлээ туурвидаг.” хэмээжээ.

Ш.ГҮРБАЗАР: БИД ТА НАРЫГАА ХАРАХААР ХӨӨРДӨГ ЮМ

 Түүний хамгийн анхны дуу “Амин нутаг” дуу аж. Энэ дууны хөгжмийг 40 жилийн өмнө бичжээ. Үүний дараа тэрбээр “Бурхан эх орон”, “Өглөө шиг эх орон”, “Амин хайрын эх орон”, “Гүрэн Монгол чинь хүлээнэ”, “Харийн нутаг давчдаад байна”, “Өнө мөнх эх орон”, “Талын монгол айл” зэрэг монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон эх орон, нутаг усны сэдэвтэй олон дууны аялгууг хийсэн. Мэдээж хайр сэтгэл, ижий аав гээд мөнхийн сэдвийн дуунууд нь барагдахгүй олон. Мөн жүжиг, киноны дуун дээр ажилласан.

18 дахь жилдээ болж байгаа “Миний дуунууд” тоглолтыг хөтлөгч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Энэ үдэш гайхалтай болж байна. Гадаа цас орж байгаа ч гэлээ та бүхэн энэ танхимд өөрсдийн дуртай дуугаа сонсож байна. Та нарын мэддэг дуу учраас дагаад дуулж байна. Үнэхээр гайхалтай байна. Би өнөөдөр сайн дуулж чадсангүй. Харин маргааш /өнөөдөр/ бэлтгэлтэй дуулна. Яагаад гэвэл би өнөөдөр бэлтгэлгүй байсан юм. Бас би энд нэг зүйлийг онцолмоор санагдлаа.  Энэ тоглолтыг зургаан жил дараалан үзэж байгаа Төмөр замын ажилчдаас эхлэн олон түмэн их байна. Мөн 18 жил тасралтгүй үзэж байгаа үзэгч байна. Тэр хэн билээ?. Би байна бас Лхагваа, Сараа, Ариунаа гээд ..Бид та нарыгаа харахаар хөөрдөг юм. Та нартайгаа ингэж байх сайхан байдаг.” хэмээн дуучдаа ээлжлэн ээлжлэн урина.

АНХНЫ СОНСОГЧ БАС ААВЫГАА ҮГҮЙЛСЭН АЯЛГУУ

Шинэ уран бүтээлийн анхны үзэгч байх сайхан. Энэ үдэш ирсэн үзэгч олон уран бүтээлчийн шинэхэн бүтээлийг сонсоно. Тэдний нэг бол Б.Болорцэрэнгийн шүлэг, Л.Балхжавын аялгуу “Тэврэлт” дуу. Энэ дууг дуучин С.Наран анх дуу дуулсан нь энэ.

Мэдээж түүний дараагийн дуу бол “Аавдаа үнсүүлэхийн жаргал” байсан. Ш.Гүрбазарын шүлэг Л.Балхжавын аялгуу энэхүү дууг дуулахын өмнө хөтлөгч Монголын сайхан аавууддаа зориулж байгаагаа дуулгасан.

Аавыгаа би зүүдлээд л байна
Алганы тань халуун санагдаад л байна
Самсаа шархирах нялх багын сэтгэлийг минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь
Санааг амартал үрээ үнсээч аав минь

ТАЙЗНААС БУУГААГҮЙ Б.ЧИНБАТ БА Л.БАЛХЖАВ

Монголын рок попын ертөнцөд “Emotion” нэрээрээ танил болсон “Sweetymotion” хамтлагийн амжилт, уран бүтээлтэй салшгүй холбоотой хүний нэг бол дуучин, хөгжмийн зохиолч, продюссер, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбат билээ. Тэрбээр энэ үдшийн голлох хүний нэг байлаа. Түүний “Шувуудын цувааг битгийн тоолоорой” хөгжмийн найруулгыг сонсоно. Бас тэр дөрвөн цагийн турш тайзан дээр байсан уран бүтээлчдийн нэг билээ. Мөн ”Миний дуунууд” тоглолтын эзэн Л.Балхжавтай бөмбөр тоглож, ур чадвараа харуулаад авсан. Бөмбөр шаггүй тоглодог нь батлагдсан билээ. Тэд энэ үдэш тайзнаас бараг л буугаагүй юм. 

ДУУ БҮТСЭН ТҮҮХ: ХАЙРЫН ДЭЭД ХАНЬ МИНЬ

“Миний дуунууд” тоглолтын нэгэн оргил хэсэг бол “Хайрын дээд хань минь” дуу. Гэхдээ энэ дууны бүтсэн түүх их сонин. Хөтлөгч Ш.Гүрбазар дууны түүхийн талаар үзэгчдэд хүргэсэн. Яруу найрагчид өөрсдийн шүлгээ Л.Балхжавт авчраад байж. Нэг сайхан ханийн тухай дуутай болмоор байна гэдгээ хэлдэг. Гэтэл манай хүн дууны шүлгийг цааш хийгээд байсан гэдэг. Тэгээд нэг өдөр энэ дуу гурван найрагчийн шүлгээс үүдэлтэйгээр төржээ.  Шагдарсүрэнгийн Гүрбазар, Үржингийн Хүрэлбаатар, До.Цэнджав нарын хамтран бичсэн “Хайрын дээд хань минь” дууг анх “Номин талст” хамтлаг олны хүртээл болгож байсан юм. Харин хожим дууг дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Мөнгөнцэцэг нар шинэчлэн олонд хүргэсэн. Тэд “Хайрын дээд хань минь” дууг үзэгчдийн алга ташилтанд дахин дуулсан.

ДӨРВӨН ГАВЬЯАТЫГ НЭГЭН ҮЗҮҮЛБЭР

Тоглолтын нэгэн эрч хүчтэй хэмнэлийг “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа үзүүлнэ. Түүний цоглог эрч хүчтэй дуу үзэгчдийн хэдийнэ танил дуунууд байх. Мөн “Миний дуунууд” тоглолтын нэгэн бэлэг бол Гавьяат жүжигчин Н.Ариунболд /Бооёо/, Л.Баттулга /Аглуу/ нарын элэглэлийг та харах болно. Гэхдээ та энэ үдэш дөрвөн гавьяатыг өвөрмөц төрх харна. Хошин урлагийн мастерууд маань хөгжмийн зохиолч Л.Балхжав, Б.Долгион нарыг элэглэн дууриажээ. Бас тэд чамгүй дуулдаг гэдгээ батална. Тоглолтын бас л нэг сонирхолтой хэсэг. Та дөрвөн гавьяатын нэгэн үзүүлбэрийг эндээс харах юм.

ЦАГААН ШӨНӨ, БИ ЖАРГАЛТАЙ БА МАЯАМИ АЯЛГУУГ СОНСООРОЙ

Би дуулим талдаа шүлгээ бичих дуртай

Би дуу, найраг хоёрт дуртай

Би монголоороо гоёх дуртай

Би дуучин Сарантуяа гэж хэлэх дуртай хэмээн хөтлөгч Ш.Гүрбазар тайзнаа нэгэн хүндтэй дуучныг урина. Энэ дуучин бол поп хатагтай, зууны манлай дуучин Б.Сарантуяа.

Дун цагаанаараа гялтганах шинэ жилийн шөнө
Дурласан сэтгэл догдлуулаад нэгийг бодуулна
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай
Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай /”Цагаан шөнө”/

Зүүд нойрны минь гэгээхэн хүсэл биелж

Цэцэгс бадамлах шиг надад санагдана

Зүгээр ч нэг ирээгүй энэхэн жаргалаа

Зөн зүрхээрээ амсах би жаргалтай, жаргалтай

Би жаргалтай, жаргалтай /”Би жаргалтай”/ зэрэг олон дууг та энэ үдэш сонсоно.

Хөтлөгч Ш.Гүрбазар хэлэхдээ “18 жил тасралтгүй яваа тоглолт. Энэ бол гайхалтай уран бүтээлчдийн хийсэн мөнхийн бүтээлүүд. Харин энэ хугацаанд нэгэн сонин тохиол болжээ. Анх энэ тоглолт болоход нэг ч гавьяат байгаагүй юм. Гэтэл өнөөдөр би тооллоо, 18 гавьяат байна. Үнэхээр учрал ерөөлтэй тоглолт юм” хэмээсэн. Үнэндээ энэ үдэш гадаа цас орж байлаа ч дотор гал халуун дулаан байлаа.

“Миний дуунууд” тоглолт хэдийнэ ард түмний тоглолт болжээ. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай 18 дахь удаагийн тоглолтод Монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид чуулж байна. МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, СТА, поп дива С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, "Sweetymotion" хамтлаг , "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, "My Voice-2015" уралдааны Гран-При шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцож, аялгуу эгшигээр үзэгч олноо хөглөж байна.

Та өнөөдөр “UB Palace”-г зориод очоорой. Өчигдөр 19.00 цагт эхэлсэн тоглолт 23.50 цагт өндөрлөсөн. Тэгвэл энэ үдэш таныг “Миний дуунууд” тоглолт олон олон дурсамжид тань хөтлөх болно.

Л.Балхжавын 2016 оны онцлох бүтээлүүдийн нэг болох Үндэсний их баяр наадмын сүлд дуу болон мэндэлсэн “Миний Монгол наадам” дуутай үдшийг та битгий алдаарай.

Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг ухаарлын алиныг авчрахыг би таашгүй…  /Л.Балхжав/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж