Их цаснаас болж нүүрсний тээвэрлэлт зогсчээ

Хуучирсан мэдээ: 2016.11.21-нд нийтлэгдсэн

Их цаснаас болж нүүрсний тээвэрлэлт зогсчээ

Ховд аймгийн Алтай, Үенч, Булган суманд өвөлжилт хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал газраа 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газраа 50-70 см-т хүрсэн байна.

Ховд аймгийн Цэцэг, Мөст сумын заагт орших 50 км гаруй үргэлжилсэн Барлагийн даваа цасанд боогдож, “Алтайн зам” ХХК-ийн 11 ажилтан ковш, цас зөөх “Хова” маркийн ачааны машин, автогрейдер зэрэг нийт гурван техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж, давааг нээсэн хэмээн Улсын онцгой комиссын шуурхай бүлгээс мэдэгдлээ.

“Алтайн зам” компани энэ өвөл нийт 300 гаруй тонн давс нөөцөлснөөс Барлагийн давааны цасанд боогдсон замыг нээхэд 100 тонн давс хэрэглэжээ. Уг даваагаар Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу хилээр нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүд зорчдог ч их цаснаас шалтгаалан сүүлийн 3-4 хоногт тээвэрлэлт бүрэн зогсчээ.

Харин Ховд аймгийн ихэнх суманд өнгөрсөн наймдугаар сард гарсан мал, амьтны гоц халдварт мялзан өвчний улмаас тогтоогоод байсан хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг энэ сарын 15-ний өдөр цуцалснаар бусад сумын нутагт оторлож байсан малчдын нутаг руугаа буцах нүүдэл тасраагүй байна.

Цасанд хаагдсан Барлагийн давааг нээснээр Алтай, Булган зэрэг бусад сумдад отроор өвөлжиж байсан малчид Цэцэг, Мөст сум руу отор нүүдэл хийх, Булган-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон бусад тээврийн хэрэгслүүд чөлөөтэй зорчиж эхэлсэн аж.

Ховд аймгийн Булган, Үенч сумд хадлан сайн бэлтгэдэг онцлогтой. Тухайлбал, энэ жил Булган сумын малчид 23000 тн, Үенч сумынхан 5500 тн, Алтай сумын малчид 1600 тн байгалийн хадланг тус тус бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Булган сумын Баянгол багт 39 өрхийн 84 хүн, 29900 толгой мал, Баянсудал багт 17 өрхийн 39 хүн, 13690 толгой мал, Байтаг багт 31 өрхийн 100 хүн, 32249 толгой мал, Алагтолгой багт есөн өрхийн 27 хүн, 11500 мал буюу нийт 96 өрхийн 250 хүн ам, 87,339 толгой мал одоогоор хүндрэлтэй бүсэд өвөлжиж буйг Улсын онцгой комиссын шуурхай бүлгээс мэдээллээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж