Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойн хүрээнд, Зүүн хойд японы газар хөдлөлт,гамшигт өртсөн бүс нутгийн ард түмэнд сэтгэлийн дэм өгөх, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Монгол улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнтэй аялан тоглолтоо 10-р сарын 26-аас 11-р сарын 16-нд Япон улсад хийгээд ирлээ.
Тоглолтыг Япон улс болон Монгол улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр, Япон дахь Монгол Улсын Соёлын Элч хатагтай Сато Норико, Японы хотын дарга нарын зөвлөл хамтран зохион байгуулж, МИАТ компани тээврийн ивээн тэтгэгчээр ажилласан юм.Зүүн хойт японы Фүкүшима мужаас эхлэн, Токио, Киото, Ооцү, Нара, Хирошима, Ямагучи, Тоттори зэрэг нийт 9 газар 10-аад мянган хүнд тоглолтоо толилуулав.
Тэд биш бид гамшигт өртсөн мэт…
Аялан тоглолт Фүкүшима мужийн Соома хотоос гараагаа эхлэв. Наритагийн онгоцны буудалд газардсан морин хуурын чуулгынхан 45 хүний суудалтай том автобусаар Соомаруу шууд хөдлөв.Өндөр замаар Номхон далайн эрэг дагуу 290 км гаруй давхисаар Соомад дөхөж очих үед бүрий болж замын гэрэлгүй харанхуй ч дардан зам угтав.Яагаад замын гэрэлгүй харанхуй байгааг асуувал газар хөдлөлт, цунамигийн гамшгийн дараа замыг сэргээн засч толь шиг болгосон ч гэрэлтүүлгийн асуудал нь бүрэн сэргээгдээгүй бололтой.Гэсэн ч тэрхүү толь шиг өөгүй замыг, зассан атлаа овон товон, дэгэн догонтой манай замтай харьцуулахад тэд биш бид гамшигт өртсөн мэт санагдаж билээ.
Оройн 21 цагийн үед Соома хотын “Минатоя” хэмээх яг далайн эрэг дээрх багашаархан 5 давхар зочид буудалд очив.
Маш цэвэрхэн шинэ баригдсан бололтой уг буудлын эзэгтэй биднийг найрсгаар угтан оруулахдаа 5 жилийн өмнө нэгдүгээр давхар бүрэн усанд автсаныг, өөрсдөө хойд өндөрлөгрүүгээ зугтан гарч амь аврагдсан, буудлаа сэргээн засварласанаа ярьж амжив. Эрт баригдсан тэрхүү буудал далайн эрэг дээр байрласан тул цунамигийн гамшигт тийн өртсөн байж.Гамшгийн нөлөөгөөр галт тэрэгний зам бүрэн нээгдээгүйгээс ч юму холоос ирэх зочин гийчэн бага бололтой зөвхөн манай 40 гаруй хүнтэй групп буудлыг бүхэлд нь эзэгнэв. Зочнын өрөөнөөс гадна 1 давхрын халуун усны өрөөнүүд, 2 давхрын хоолны цэлгэр 2 ч өрөөгөөр үйлчлүүлэн , 1 давхрын түр амрах өрөөний өндөр хурдны интернетийг ашиглан хол ойрын холбоо барьсан шиг тухлав. Өглөө босч цонхоор харвал яг өмнө минь , 10-аад метрийн цаана далайн эрэг, тэнд нэлээд хэдэн хүн энд тэнд таран сууж загас барьж буй бололтой харагдана. 6.30-ийн үед далайн усны цаанаас том улаан нар хөөрөн гарах нь говийн өглөөг санагдуулам.
Далайг эрэг дээр эгшиглэсэн монгол дуу, хуурын аянд амь үрэгдэгсдийн сүнс сүлд амарлин,тайвшрах мэт…
Очсоны маргааш Соома хотоос цунамид амь үрэгдэгсдийн 3 газарт босгосон дурсгалын хөшөөнд бүгд хүндэтгэл үзүүлж 7 уран бүтээлч ая дуугаа өргөв. Эхний хөшөө нь далайн боомт байсан эргийн дээхнэтээ, өвгөн нарснууд ургасан бяцхан толгод дээр босгосон 200 гаруй амь үрэгдэгсдийн нэрстэй хөшөө. Хөшөөрүү, далай руу харж зогсоод манай залуус дуулж, хөгжимдөхөд далайн ус, сэрүүн салхи 2 хамсан хуурын аялгууг, уртын дуу, хөөмийг уран яруу,тодоор цуурайтуулан байв. Тэдний тоглосон Жанцанноровын “Цагаан суварга”, уртын дуучин Мөнхбаатарын дуулсан “Үлэмжийн чанар”, морин хуурч, хөөмийч Ашидын хөөмий нь орчин үеийн дууны төхөөрмж тавьсан мэт гайхамшигтай сонсогдсон нь ус, салхины ур орсон нь тэр болой. Дараагийн нийт амь үрэгдсэн 458 хүний нэрстэй хөшөөнд бас хүндэтгэл үзүүлж ая дуугаа өргөхөд орон нутгийн Эн–Эйч–Кэй телевиз болон бусад хэвлэл мэдээллийнхэн ирж сурвалжлав. Дараа нь Загасчдын холбооны төв цогцолборт очиж мөн л далайн эрэг дээр ая дуугаа өргөхөд УДБЭТ-ийн тенор дуучин Батжаргал японы “Төрсөн нутаг” дууг дуулсан. Тэнд байсан ажилтан, ажилчид, загасчдын холбооны дарга нь ч нулимсаа сэм арчиж байв. Тэнд биднийг угтан ирж ая дууг сонссон Соома хотын дарга дараа нь хэлэхдээ: Загасчдын холбооны дарга, миний найзын эхнэр нь цунамид амиа алдсан учраас тэр маань та нарын уянгалаг хөгжимд нулимсаа барьж чадахгүй байх нь аргагүй гэж билээ.
Уяран, хайлах үзэгчид…
Маргааш нь хотын иргэдийн Соёлын ордонд МХЧ-ын концерт тоглоход танхим дүүрэн хүн үзэв.Дараа нь үзэгчдийн тоог асуухад 600-аад хүн ирсэн гэж байв.МХЧ-ын концерт “Монгол аялгуу”-гаар цоглог эхэлж, “Идэр жинчин” дуу, “Алтайн магтаал”-ын хөөмийг сонирхуулж, морин хуурын дөрвөл “Цэцэг нуурын хөвөөнд”, нийт оркестр “Аравт “киноны хөгжмийг тус тус тоглосны дараа УДБЭТ-ын сопрано хоолойт дуучин Энхнаран японы “Хана ва саку” дууг японоор дуулахад танхим дүүрэн үзэгчид бараг бүгд нулимсаа арчиж харагдсан. Үргэлжилсэн алга ташилтын дараа тайзны арруу орсон Энхнаран “уйлж байгаа үзэгчдийн өмнөөс харж дуулах ямар хэцүү байваа.Би өөрөө ч уйлчих шахлаа” хэмээн хэлж билээ.
Яагаад тэр дууг сонссон япон хүн, ялангуяа цунами, гамшигт өртсөн нутгийнхан уйлдаг вэ.5 жилийн өмнө 3-р сарын 11-нд зүүн хойд японд болсон газар хөдлөлт, цунамиг ийн дараахан зохиогдсон энэхүү “Цэцэг цэцэглэнэ” дууг зүүн хойд японд төрсөн 2 уран бүтээлч гамшгийн дараахан зохиосон нь япон даяар алдаршсан юм. “Би юу үлдээсэн билээ…Ирээдүйд төрөх нялхсын төлөө, хайрлан дурлах залуусын төлөө цэцэг заавал цэцэглэнэ” гэсэн амь үрэгдэгсдийг төлөөлсөн өгүүлэмж, “Өмнө байсан хотоо, уулзсан хүмүүсээ дурсана.Тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн, цэцэглүүлнэ “ гэсэн үлдэгсдийн дуу хоолой харилцан өгүүлж буйг илэрхийлснээрээ энэ дуу байгалийн гай гамшиг, зовлонг туулсан хүмүүсийн сэтгэлийг хөнддөг нь аргагүй юм.
МХЧ-ын хөгжимдсан “Цэцэн Мандухай”, “Сэрсэн тал” , Морин хуурын гоцлол” концерт ч монгол аялгууны гайхамшгийг анх сонсож байгаа япончуудад мэдрүүлж алга ташилт нижигнэсээр байв.
Хуурын дуурьсалт зөөлөн аялгуу япончуудын сэтгэлийг хөдөлгөж буй нь илт байлаа.Цав цагаан торгон үндэсний хувцсаа өмсөж, ууж сүйхээ зүүсэн хөгжимчин бүсгүйчүүдийн маань гуалиг, царайлгийг ч шагшин магтаж, “МХЧ-д уран бүтээлчдийн гадаад үзэмжийг харж авдаг уу” гэж үнэнээсээ асуух үзэгчид байв. Соома хотын дарга хүртэл: Морин хуурын чуулга гэхээр эрэгтэйчүүд л их байх юм гэж бодсон чинь энэ ертөнцийн биш гэмээр царайлаг охидуудтай чуулга байна шүү дээ” гэж тоглоом шоглоомын дунд хэлж билээ. Хуурч залуус маань ч царайлаг, жавхаалаг харагдаж байсаан.
Өдөр нь хотын хаа ч очсон инээд хөөртэй хүмүүстэй тааралдаж байсан ч оройн концертод ирсэн хүмүүс уйлан хайлахыг хараад сэтгэл зүрхэндээ тээсэн гуниг, харуусал нь байсаар байгаа, тэр нь жаахан ч гэсэн нулимсаар гадагшилж, тайвшрахыг мэдэрч байв.
Хотын иргэдээ гайхамшигтай удирдсан дарга
Газар хөдлөлтөнд өртсөн Фүкүшима мужийн Соома хот нийт 35 858 хүн амтай, Номхон дөлгөөн далайтай эрэг нийлсэн загасны аж ахуй, жижиг онгоцны мотор үйлдвэрлэлээрээ алдартай багахан хот юм. 5 жилийн өмнө цунами болоход далайн ус хотруу 4 км гүн орж эрэг хавийн айл, барилга сүйдэж 458 хүний амь эрсэдсэн. Дэлбэрэлт болсон Атомын цахилгаан станцаас 45 км хол ч нэг хэсэг цацаргийн хор нөлөө байсан, одоо бол бүрэн алга болсон гэж үздэг. Тус хотыг 15 жил удирдаж буй Тачия Хидэкё /нас 65/ гэгч эрхэм хэл ам хурц, илэн далангүй, хошин шог яриатай хүмүүсээ удирдахдаа гарамгай нэгэн юм.Тэрээр бахархалтайгаар: Газар хөдлөлт, цунамигийн дараа зүүн хойд японоос орон нутгаа орхиж , шилжсэн иргэд олон гарсан ч манай хотоос нэг ч хүн яваагүйгээр барахгүй бүр зэргэлдээх хотоос хүмүүс шилжиж ирж нэмэгдсэн гэв. Яагаад? Гэхэд: Манай Соома нутаг морьтон самурайн үр сад ихтэй.Тиймээс гамшиг,бэрхшээлээс айж зугтах хүн байж болохгүй,нутагтаа л байх ёстой. Хэрэв зугтахад хүрвэл би өөрөө та нарыг дагуулаад явна. Гэхдээ орон гэргүй болсон ч бай сүйдсэн ч бай би та нартай хамт барилга байшингаа босгон, хамтдаа сэргээн бүтээнэ гэж иргэдээ ухуулж сэнхрүүлсний ачаар манайхнаас хэн нь ч яваагүй.Тэгээд ч орон гэргүй хүмүүст өндөрлөг газарт яаралтай байр сууцыг барьж оруулах, үерийн шинэ далан, зам талбайг байгуулж, ан цав гарч нурах шахсан хотын захиргааны байрандаа түгшүүртэй ажиллаж байсан ажилтнуудыгаа захиргааны шинэ барьсан байрандаа саяхан оруулж санааг нь амраасандаа ”гэж ярьсан.Даргын гэр нь ч цунамид сүйдсэн гэж дагалдаж явсан ажилтан хэлэв. Тачия даргын философи нь: байгалийг ялахын төлөө улайрах хэрэггүй.Харин ялагдахгүйн тулд хичээх хэрэгтэй гэнэ.Иргэдийнхээ төлөө гэсэн халуун сэтгэл нь очсон газар бүрт мэдрэгдэж байв.Өөрийнх нь тушаалаар цунамигаас хүмүүсийг аврахаар хөдөлсөн гал сөнөөгч 10 залуу олон хүмүүсийг өндөрлөгрүү гаргаж амийг нь аварсан атлаа өөрсдөө цунамид өртөн амь үрэгдсэнийг дурсан гашуудаж өөрийн гараар дурсгалын үг бичиж тусад нь хөшөө босгосныг нь бид үзэв.
ФИФА-ийн тусламжийг авсан “зайтай” дарга
Үнэхээр тус хотод ид бүтээн байгуулалт явагдаж байв.Том том ачааны машинууд шороо ачиж ийш тийш зөөвөрлөн, газар шорооны ажлууд энд тэндгүй хийгдэж байгаатай тааралдана. Хүмүүс нь байр сууцандаа орсон ч сүйдсэн үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж, төмөр замыг сэргээн, засах ажил хийгдсээр л байна.Тус хотод японы олон газраас хандив тусламж ирж байсан ба гадаадаас, тухайлбал ФИФА-ийн тусламжаар орчин үеийн, таримал болон хиймэл зүлэгтэй хөл бөмбөгийн 4 талбайг байгуулж өгсөн нь залуусын ажиллаж амьдрахад таатай орчин бүрджээ.Энэ нь мөн л арга сүйхээтэй Тачия даргын бодлого байсан болов уу.Бидэнд шинээр байрьсан Гамшгийн Нөөцийн агуулахыг үзүүлэв.Газар хөдлөлтийн үед 800 хүнд тусламж үзүүлэх нөөцтэй байсан ч 4000 гаруй хүн хоргодох байранд удаан хугацаагаар байсан нь хаанаа ч хүрэлцэхгүйн зовлонг амссан учраас шинэ агуулахдаа 10000 хүнийг хангах цэвэр ус, хөнжил, хуурай хүнс, хувцас хунар нөөцөлж бэлджээ. Агуулахын хананд: Хариутай бол бариутай гэсэн агуулгатай уриалга хадаж, гамшгийн тэр үед тусалж байсан газрынхаа нэр хаяг, өгсөн зүйлийг нь нарийн бичиж тэмдэглэсэн бөгөөд одоо тэднийгээ гамшигт өртөхөд нь энэ нөөцөөсөө илгээж тусалдаг гэнэ..
Морьтон овгийн үр ач нар суурьшсан энэхүү СООМА хот цунамигийн гамшигт өртөн зовлон үзсэн ч дайчин баатарлаг өвгөдийнхөө нэрийг өндөрт өргөн чадварлаг даргынхаа удирдлагаар хотоо урьдахаас улам сайхан болгох бүтээн байгуулалтандаа шамдсаар байгаа нь бахархалтай санагдсаан.
Морин хуурын чуулгын орчуулагчаар ажилласан Ц.Бурмаа
/СУИС-Соёлын сургууль/