Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд өчигдөр цас цэвэрлэх ажилд идэвхитэй оролцлоо.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн бүх төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарч дүүргийн харъяаны 60 гаруй км автозам болон зам дагуу явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн цас мөсийг цэвэрлэж, зам талбайн үйлчлэгчдэд халуун хоол цайгаар үйлчиллээ гэх мэдээллийг дүүргээс нь өгч байна. Цас цэвэрлэх ажилд 5000 гаруй иргэд оролцжээ.
Баянзүрх дүүргийн хувьд Тамгын газар, харьяа хэлтэс албад, 28 хороо болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийтлэг үйлчилгээний газрууд, Сууц өмчлөгчдийн холбоод, худалдаа, үйлчилгээний цэг салбар, цэргийн анги нэгтгэлүүд хуваарилагдсан газар болон орчныхоо 50 метр газрын цас, мөсийг хусч цэвэрлэсэн байна.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1501 байгууллагын 5948 хүн оролцож, нийт 10.630 метр квадрат талбайн цас, мөсийг арилгажээ. Мөн 225 тн цас, мөс, хог хаягдлыг 47 машинаар 90 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн байна.
Г.ОЮУ