АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн тоо нэмэгдсээр

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн тоо нэмэгдсээр

Ардчилсан намынхан өнгөрсөн Лхагва гаригт ҮЗХ-ны хурлаа хийж,  Их хурал болон намын шинэчлэл дээр ажиллах Ажлын хэсгийг байгуулсан. Ардчилсан намынхан эхлээд намын дүрмээ шинэчлэн баталсны дараа шинэ дүрмийн дагуу намын даргаа бүх гишүүдээсээ сонгох бодлого барьж байгаагаа ч мэдээлсэн билээ.

Шинэ даргаа сонгох хүртэл Ардчилсан намын даргаар З.Энхболдыг хэвээр үлдээх шийдвэрийг ҮЗХ-ны хурлаас нь гаргажээ. Үүнээс болж З.Энхболд өөрийгөө дарга хэвээр үлдээх дүрмийн өөрчлөлт хийх гэж байна гэж хардах хүмүүс тус намд байна.

Ардчилсан намын Их хурлын тов ойртох тусам намын дарга болох амбицаа ил тодоор зарлаж байгаа хүмүүс нэмэгдсээр байна. Тухайлбал, Ардчилсан намын дарга өрсөлдөнө гэдгээ УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар зарлаад байгаа. Үүнээс өмнө П.Цагаан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, М.Чимэддорж нар Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөнө гэдгээ хэвлэлээр зарласан.

Тэгэхээр одоогийн байдлаар зургаан хүн Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байна гэсэн үг.  Их хурлаар намын дүрмээ шинэчилж, шинэ даргын сунгаа эхлэх хүртэл Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөх амбицаа энэ мэтээр  ил зарлах хүмүүсийн тоо өсч магадгүй байна. Ардчилсан намын даргын төлөө арваад хүн өрсөлдөх байх гэж тус намын гишүүд  таамаглаж байна лээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж