-Хүйтэн сэрүүний улиралд адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй тууж, зарим үед адууны нүд хөлдөх, турж эцэх зэргээр асар их зутардаг байна. Нутагтаа хоргодсон адуу эргэж буцаж гүйх нь элбэг байдгаас адууг кранаар түлхэж гаргах гэхмэтчилэн нүд хальтрам үзэгдэл олонтаа гардаг гэнэ-
“Адууны экспортыг зогсоолоо” гэсэн мэдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалд цацагдаж, иргэд энэ талаар санаа бодлоо илэрхийлжээ. Адууг амьдаар экспортлох нь зөв, буруу гэдгээс эхлээд гаргаж буй нөхцөл байдал, цаашид экспортлох эсэх талаар багагүй шуугисан учир бид Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны мэргэжилтнээс адууны экспортын талаар тодрууллаа.
-Адууг амьдаар экспортлохыг түр хугацаагаар зогссох шийдвэр гаргасан нь үнэн. Манай яамны сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-т санал болгосны дагуу ийм шийдвэр гаргаад байна. МХЕГ-т хандсаны учир нь таваар /товар/-ын адууны экспортыг тус байгууллага хариуцдаг. Харин үржлийн адууны экспортыг манай яам хариуцдаг. Сүүлийн үед үржлийн зориулалтаар адуу экспортлоогүй учир МХЕГ-тай зөвшилцсөн хэрэг. Адууг амьдаар нь гаргаж буй нөхцөл байдал сайнгүй байгаа нь үнэн. Бид Бичигтийн боомтод очиж, нөхцөл байдалтай танилцсан. Экспортлох нь буруу биш боловч нөхцөл байдал нь таатай биш байсан учир түр зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилсан хэмээн өгүүлж байна.
Ийнхүү адууг экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоогоод байгаа аж. Хүйтэн сэрүүний улиралд адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй тууж, зарим үед адууны нүд хөлдөх, турж эцэх зэргээр асар их зутардаг байна. Нутагтаа хоргодсон адуу эргэж буцаж гүйх нь элбэг байдгаас адууг кранаар түлхэж гаргах гэхмэтчилэн нүд хальтрам үзэгдэл олонтаа гардаг гэнэ. Хэдийгээр экспортлох нь буруу биш ч адуу малтайгаа харьцдаг монгол уламжлалаас гажууд энэ үзэгдлийг зогсоох нь зөв гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэг байлаа.
Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан Бичигтийн боомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ. Экспортлох нь буруу биш боловч нөхцөл байдал нь таатай биш байсан учир түр зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилсан хэмээн өгүүлж байна.
Яг одоогийн байдлаар хэд хичнээн адуу амьдаар нь экспортолсон талаарх мэдээлэл хараахан алга. Ганц Бичигтийн боомтоор гэхэд 1000 гаруй адуу экспортод гаргасан гэсэн баримжаа тоо байдаг аж. Адуу бол битүү туурайтай мал гэдгээрээ шүлхийн аюулгүй учраас урд хөршийнхөн олноор нь экспортолдог байна. Адууны махны шим тэжээлт чанарыг өөр ямар ч малын мах гүйцдэггүйгээс Япончууд адууны махыг илүүд үздэг ажээ.
Манай улсын мал аж ахуйн нийт бvтээгдэхvvний 10, махны 10.4 буюу 34.5 мянган тонн мах нь адууных байдаг гэсэн албан баримт байна. Мөн сvvний үйлдвэрлэлийн долоон хувь буюу нйаман сая литр айргийг адууны аж ахуйгаас бэлтгэж байна. Нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч сайн таргалсан vедээ 400 гаруй кг жин татдаг ажээ. Монгол адууны махны илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагvй тосны хvчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг vйлчилгээтэй. Жилд дунджаар 42.5 мянган тонн адууны мах бэлтгэсэнээс vйлдвэрийн аргаар 12 мянган тонныг бэлтгэж, 2.7 мянган тонн адууны мах экспортолдог гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны албан мэдээнд дурдсан байна.
Д.ЦЭЭПИЛ