Монгол Улс оны эхний гурван улиралд нийт 26 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 орчим хувиар буурсан дүн юм. Харин биет хэмжээгээр тооцвол 398.4 тонн самнасан ноолуур экспортолсон нь 3.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Нийт самнасан ноолуурын 74 хувийг Итали руу, 12 хувийг Их Британи руу, 8.5 хувийг БНХАУ руу экспортолжээ. Харин Япон руу гаргаж байгаа самнасан ноолуурын экспорт нийт дүнгийн 1.1 хувийг эзэлж байна. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн юм. Энэ хүрээнд ноолуурын бүтээгдэхүүний гаалийн тарифийг 100 хувь хөнгөлсөн билээ.
Энэ нь "Япон харилцагчдад нь дэмжлэг болсон гэдгийг "Говь" компаниас мэдээлж байсан юм. 2016 оны эхний гурван улиралд Япон руу экспортолсон самнасан ноолуурын хэмжээ мөнгөн дүнгээрээ 2015 оны мөн үеийнхээс 3.8 дахин өссөн. Монгол Улсын хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан ноолуурыг Хятад, Итали, Англи руу экспортолдог. Харин Япон руу голчлон бэлэн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм.
Д.УУДАМ