Мал эрүүл бол Монгол баян байх боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.11.18-нд нийтлэгдсэн

Мал эрүүл бол Монгол баян байх боломжтой

Швейцарийн хөгжлийн агентлаг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Ногоон алт төслийг Архангай, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймагт хэрэгжүүлсэн аж.

Эдгээр төслийнхөө үр дүнг өнөөдөр /2016.11.18/ тайлагналаа. Монгол Улс малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн мал эмнэлгийн тусгай хуультай болж, олон улсын стандартад нийцсэн мал эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэн малаа эрүүлжүүлэх шаардлагатайг төсөл хэрэгжүүлэгчид тодотголоо. Швейцарийн хөгжлийн агентлаг, салбар яамтай нь хамтран Мал эмнэлгийн хуулийн төслийг боловсруулж дууссан байна. Хэрэв Монгол Улс бие даасан мал эмнэлгийн хуультай болбол малын өвчлөл буурч, одоогийн ойлгомжгүй мал эмнэлгийн үйлчилгээ, малын эмч нар стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлдэг болох аж.

“Toyota”, “Mitsubishi” корпорациудаас төлөөлөгчид ирж үйлдвэрлэдэг машиныхаа дотор бүрээс хийх арьсаа Монгол Улсаас авах талаар судалсан ч, манай малын арьс шир шаардлагад нь нийцээгүй байна. Өнгөрсөн жил Шанхайд болсон үзэсгэлэнгийн үеэр Арабын бизнесмэн “Танайх малаа эрүүлжүүлчихвэл их хэмжээний мах, арьс авах гэрээ байгуулъя” гэдэг санал бас тавьжээ. Хамгийн сүүлийн жишээ БНХАУ манайхаас авах махны экспортыг зогсоосон. Шалтгаан нь малын өвчлөл. Малын халдварт өвчлөлөө Монгол Улс зогсоож чадсан тэр үед л махны экспортоо үргэлжлүүлэх шаардлагыг урд хөршийн мэргэжлийн байгууллагууд Мал эмнэлгийн үржлийн газарт тавьсан юм. Дотоодын үйлдвэрлэгчид ч сүүлийн жилүүдэд малын арьс, ширний өвчлөл буурах биш өсч, ноос, ноолуур, нэхий, ширний үнэ ч буурсаар байгааг онцолж байна. Өөрөөр хэлбэл,  Монгол нэхий, шир шивээтэй, сорвитой, вакцин хийлгээгүйгээс хачиг хувалзад идэгдсэн, зориулалтын бус аргаар нядалснаас урагдсан гэдэг шалтгаанаар дэлхийн зах зээлд гологддог аж. Ноос, ноолуурын тухайд ч хонины ноос нь бүдүүн ширхэгтэй болж, ямаанаас гарах ноолуурын хэмжээ багасжээ. Хэрэв малаа эрүүлжүүлж, удмын сангаа сайжруулбал дэлхийн зах зээлд Монгол Улсын нэхий тоогдож, тэр хэрээр үнэ нь өсөх боломжтой юм байна. Үүнээс гадна малчид малаа хөгшрүүлж байж муулдаг. Тэгвэл мал аж ахуйн орнууд малаа 12-18 сартай болгоод нядалдаг. Ийм хугацаанд нядалсан малын мах ч, арьс ч үнэд хүрдэг гэлээ.

Нөгөө талдаа мал эрүүлжүүлэхэд төрөөс мөнгө гаргах шаардлагагүй гэжээ. Учир нь, УИХ, Засгийн газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд нядалсан, гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаалахыг хориглоно гэсэн шийдвэр гаргахад зах зээлийн жамаар мал нядалгааны цех ажиллана гэж судлаачид үзсэн байна. Малын гаралтай түүхий эдийг экспортлож чадвал Монгол Улс уур уурхайгаас хараат байх шаардлаггүй, эдийн засаг сэргэх бүрэн боломжтой. Гэвч малын өвчлөлөөс болж малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ хил давуулж чадахгүй байсаар байгаа юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж