Үндэсний биеийн тамирын дээд сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит жүдо бөхийн тэмцээн өчигдөр/2016.11.22/ Спортын төв ордонд боллоо. “Undes Judo cup 2016” тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн аваргын төлөө ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Ц.Цогтбаатар нарын шилдэг бөхчүүд үлдээд байсан юм. Хоёр бөхийн барилдааны үндсэн цагт /6 минут/ нэг нэг торгуультай байснаас нэмэлт цагт Ц.Цогтбаатар базари үнэлгээ аван ялалт байгууллаа. Энэ жинд нийт 18 бөх барилджээ.
“Рио 2016” олимпийн наадамд Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар нар зодоглосон. Барилдааныг эргэн сануулахад 60 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын Ромас Жозе, Финландын Рэинвалл нарыг хожин шөвгийн 16-д үлдсэн юм. Тэрбээр шөвгийн наймын хариуцлагатай барилдаанд БНСУ-ын бөх Ким Вон Жунд вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгасан.
66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг шагналт VII байр эзэлсэн. Энэ жинд нийт 34 орны бөх барилдаж, Д.Төмөрхүлэг "С" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр Саудын Арабын Сулейман Хамад, Алжирын Зурдани Худ нарыг дараалан цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Фабио Басилед дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд Канадын А.Бучардад вазари үнэлгээ алдан ялагдсан юм.
Ч.БОЛОР