С.Зоригийн хэргийг шүүх М.Алдар гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

С.Зоригийн хэргийг шүүх М.Алдар гэж хэн бэ?

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч М.Алдар С.Зориг агсны хэргийг шүүхээр болсон. Хэргийг шүүх хуваарилалтыг тус дүүргийн шүүгч нарын зөвлөгөөнөөс баталсан тогтоолын журмын дагуу хийснийг эх сурвалж онцоллоо. Өөрөөр хэлбэл, тухайн шүүхийн шүүгчид прокуророос шилжин ирсэн хэргүүдийг тойргоор хуваарилан авдаг байна. Иймээс М.Алдар шүүгчийг зориудаар С.Зориг агсны хэргийн шүүгчээр томилсон гэж ойлгож болохгүй хэмээн албаныхан тайлбарлалаа.

Шүүгч М.Алдар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53 зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон  юм.

Тэрбээр даргаа хөнөөсөн хилчид, япон багшийг боомилсон монгол залууг шүүж ял оноосон. Дуулиант хэргийн тухайд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу  “Шар хад”-ны эцэст хоёр эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн А.Идэрзаяад холбогдох хэргийг шүүж, шийдвэрлэж байсан билээ.

Санжаасүрэнгийн Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Хэрэг шүүхэд шилжсэнээр шүүгч хэрэгтэйгээ 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргадаг юм. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно. Хэргийг шүүхэд энэ сарын 14-ний өдөр шилжүүлсэн юм. Харин 30 хоногийн шүүгч М.Алдар хэргээ өчигдөр хүлээж авсан гэх баттай бус мэдээлэл байна.

Энэ хэрэг нь маш нууцын зэрэглэлд багтаж буйг Улсын ерөнхий прокурорын газраас тодотгож, нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

Шүүгчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь шүүгчид нөлөөлөх боломжийг гаргаж өгдөг учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байна.

Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнийг хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж