Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өнөөдөр Жаргалант суманд ажиллалаа. Тэрээр тус сумын сургуулийн дотуур байр болон цэцэрлэгт тулгамдаад буй асуудлуудтай биечлэн танилцсан юм.
Жаргалант сумын сургуулийн дотуур байрыг 2000 оноос энэ зориулалтаар нь ашиглаж эхэлсэн. Нийтийн орон сууцны барилгыг дотуур байр болгосноор 2008 онд их засвар хийсэн байна. Одоогоор 1-12-р ангийн 53 хүүхэд амьдарч буй байранд олон асуудал үүсээд байгаа талаар холбогдох албан тушаалтнууд нь Засаг даргад уламжиллаа. Тодруулбал, тухайн барилгад нуралт, суулт, ялзралт бий болсноос гадна чийгшил их, халаалт маш муу байна. Мөн гал тогоо нь тусдаа учир дотуур байранд амьдарч буй хүүхдүүд хооллохын тулд өдөрт хоёр удаа сургуулийн цайны газар руу алхаж очдог байна. Энэ нь хүүхдүүд даарах, ханиад томуугаар өвлөх эрсдлийг бий болгодог талаар Жаргалант сумын сургуулийн дотуур байрны багш хэллээ. Түүнчлэн сурагчдын усанд ордог шүршүүрийн өрөөний бойлуур эвдэрсэн ажээ.
Эдгээр асуудалтай газар дээр нь танилцсаны дараа аймгийн Засаг дарга энэ өвлийг давахад шаардлагатай бүх засварыг яаралтай хийх ажлыг зохион байгуулах үүргийг орлогч С.Батжаргал болон А.Түвшинжаргал нарт үүрэг болголоо. Ялангуяа дотуур байрны шалны цөмрөлт, дулаан алдалт, гэрэлтүүлэг, агааржуулалт зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй гэлээ. Мөн хүүхдүүдийг дотуур байрандаа хооллох боломжоор хангах асуудлыг судлах үүргийг холбогдох албан тушаалтнуудад нь өгсөн юм.
Тиймээс тухайн байранд АЗДТГ-ын Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны мэргэжилтнүүд ажиллахаар боллоо. Үүний дараа шаардлагатай хөрөнгийн хэмжээ тодорхой болно. Засварт шаардлагатай санхүүжилтийг “Аваарын зардал”-аас хийх юм.
Цаашид асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандана гэдгээ Засаг дарга Д.Батлут хэллээ. Тэрээр тус яамны сайд Ж.Батсуурьтай уулзалт хийх үеэрээ энэ асуудлыг уламжилж байсан аж.
Мөн тэрээр тус сумын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр цэцэрлэгийн багш нар халаалт муу байгааг уламжиллаа. Тухайлбал, Тус цэцэрлэгийн барилгын нэг жигүүрт халаалт хэвийн нөгөө жигүүрт нь маш муу байгаа юм. Тиймээс энэ нь горим, тохируулгаас шалтгаалж байж болзошгүй гэж үзлээ. Тиймээс мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ.
ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN