Нийслэлчүүд нарийн ногоогоо өвөл тарина

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд нарийн ногоогоо өвөл тарина

Монголчууд хөрсний дулаанаа ашиглаж, өвлийн хүлэмжинд нарийн ногоогоо тарьж байна. Япон улсын “Жайка” байгууллагын тусламжтайгаар “Сэргээгдэх эрчим хүч ашиглан бага эрчим хүчээр хүлэмжинд хүнсний ногоо тариалах технологийг дэмжих төсөл”-ийг 2014 оноос эхлэн гурван жилийн хугацаанд туршилтаар хэрэгжүүлжээ. Өвлийн хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, салатны навч, бууцай гэх мэтчилэн 5-6 төрлийн нарийн ногоог 45 хоногийн хугацаанд, хөрсний дулаан ашиглан тарьж байгаа аж.

Япон улсад ашигладаг энэхүү технологийг Улаанбаатарт нэвтрүүлж, нийслэлчүүдийн нарийн ногооны хэрэгцээг дотоодоосоо хангадаг болгохоор ийнхүү туршиж эхэлсэн нь амжилттай болжээ. Төслийн туршилтын ажил өнөөдөр дуусч, цаашид өвлийн хүлэмжийг Эрчим хүчний яаманд харьяалуулан үргэлжлүүлэхээр болсон байна.

Хөрсний дулаан ашиглах технологийг Япон улсад түлхүү ашигладаг. Монголын нөхцөлд газрын хөрснөөс доош таван метр хүртэл ухаж дулаан гаргаж авч байгаа аж. Ингээд таван метрийн гүнээс тусгай зориулалтын хоолой суулгах замаар дулаан татаж хүлэмж рүү оруулж байна хэмээн нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга тайлбарлалаа.

Ингэснээр гадаа -30 хэм хүйтэн байсан ч хүлэмж дотор 0-1 хэмийн дулаан хадгалагдах юм. Энэ технологиор нарийн ногоог 45-50 хоногийн дотор тарьж, хураан авч байгаа талаар төслийн инженер Н.Занданшагай тайлбарлалаа. Хүлэмж нийтдээ 240 м.кв талбайтай. Зуны улиралд хоёр м.кв талбайгаас 3.5 кг ногоо хурааж авч байна. Харин өвлийн нөхцөлд арай бага, нэг кг орчим нарийн ногоо хурааж байгаа гэлээ.

Өвлийн хүлэмжинд бууцай хамгийн тэсвэртэй сайн ургаж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Нийслэлчүүд өвлийн нөхцөлд нарийн ногоогоо экспортоор авдаг. Тэгвэл цаашид өвлийн хүлэмжийн ажлыг эрчимжүүлэн нийслэлийнхний нарийн ногооны хэрэгцээг хангах бүрэн боломжтой хэмээн албаныхан онцоллоо.

Хөрсний дулаан ашиглаж ийнхүү нарийн ногоо тариалах нь бусад нам даралтын зуух, цахилгаан халаагуур, төвийн шугам сүлжээний дулаан ашигладаг хүлэмжнээс 20-30 хувиар бага зардал гаргана гэдгийг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга онцоллоо. Цаашид энэ технологийг хөдөө аж ахуйн салбараас гадна малын байр, агуулах саванд ашиглах бүрэн боломжтой гэж үзжээ. Үүнээс гадна хөрсний дулаан ашиглаж хувийн орон сууцыг ч халаах боломжтой хэмээн үзсэн байна. Цаашид зөвхөн хүлэмжийн аж ахуйгаас гадна бусад салбарт хөрсний дулаан ашиглах боломжийг эрэлхийлж байгаа хэмээн мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж