Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 85 чиглэлийн 921 автобус үйлчилж байна. Өчигдөр том оврын 54 автобусны хийн тооромз хөлджээ.
Япон Улсын Фукушима мужид өчигдөр 06.00 цагийн үед 7.3 магнитутын хүчтэй газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэх дөхжээ.
Их хэмжээний цас орсны улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн удирдлагууд өчигдөр шуурхай хуралдаж, хотын дарга холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг өглөө. 11 дүгээр сарын 24 буюу ирэх пүрэв гарагт ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодис ирнэ. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаас гадна БНХАУ-аас явган хүний замын цас мөс шүүрдэх, замд хөлдсөн цасыг ховхлох техникүүд авахаар захиалсан байна.
Range Rover маркийн тээврийн хэрэгсэлдээ онц их хэмжээний буюу 64.5 килограмм мөнгөн усыг тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийнхан баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэлээ. Нэг кг мөнгөн усны зах зээлийн үнэ нэг сая орчим төгрөг байдаг юм.
Монгол банк өчигдөр Валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Банкууд 2430.00-2460.00 төгрөгийн ханшаар 58.8 сая ам.доллар, 350.00-355.00 төгрөгийн ханшаар 96.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2444.91 төгрөгийн хаалтын ханштайгаар 27.0 сая ам.доллар, 354.51 төгрөгийн хаалтын ханштайгаар 16.0 сая юанийг тус тус нийлүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2016 оны арванхоёрдугаар сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1,8 дахин нэмэгдүүлжээ.
Moody’s Монголын “Богд Банк”, “Капитал”, “Голомт”, “ХААН”, Төрийн банк, “Худалдаа хөгжлийн банк”, “Хас” гэсэн долоон банкны үндэсний валютаар олгогддог зээлжих зэрэглэлийг B3 ангилалаас Caa1 ангилал руу буулгасан байна.
ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болох Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүй болж, хурлын үйл ажиллагаа хэсэг хугацаанд тасалдсан байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өчигдрийн хурлаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдлээ. Харин дараа нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Ингэхдээ бондын зарцуулалттай холбоотойгоор зарим хүнийг шалгах нь зүйтэй гэж үзжээ.