Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд хийж буй ес дэх удаагийн номын айлчлал өнөөдөр 82016.11.23/ “Их тэнгэр”-т хийсэн хэвлэлийн бага хурлаар өндөрлөлөө. Далай ламын энэ удаагийн айлчлалыг Х Богдыг тодруулахаар ирсэн гэсэн таамаглал байсан нь оргүй зүйл биш байжээ.
Сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон асуулт нь IX Богдын хойд дүрийг тодруулсан эсэх тухай байв. Энэхүү асуултад дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээн хариулсан юм.
Бурхны шашны “Гурван өндөрлөг” буюу Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба нар харилцан бие биенийхээ хойд дүрийг хүлээн зөвшөөрдөг. Харин Хятадаас шинээр тодруулсан Ванчин IX Богдыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Далай лам зөвшөөрсөн байдаг. Х Богдыг тодруулахад энэ асуудал хэрхэн шийдэгдэх талаар лавлахад, “Ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү” хэмээн хошигнов.
- ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН, ХIV ДАЛАЙ ЛАМ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН ҮЕЭР СЭТГҮҮЛЧДЭД ЮУН ТАЛААР ӨГҮҮЛСНИЙГ ҮГЧЛЭН ХҮРГЭЖ БАЙНА
-Монгол Улсад дахин айлчилж байгаадаа би маш их баяртай байна. Би аль ч улсад айлчилсан хамгийн эхний үүрэг хариуцлага маань дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох байдаг. Дэлхий дээр долоон тэрбум хүн байдаг. Тэд зовлонг эс хүсч амар амгаланг хүсдэг. Гэвч зовлонгийн шалтгаан нь уур хилэн, хүсэл, шунал юм. Энэ уур хилэн, хүсэл шуналыг дарах арга бий. Амар амгаланг бий болгодог зүйл бол бусдыг энэрэхүйн сэтгэл, асран хамгаалах юм. Шинжлэх ухааны үүднээс үзсэн ч гэсэн амар амгалан байх үндэслэл бий. Хүмүүний мөн чанар амар амгаланг хүсдэг. Дэлхий дээр олон төрлийн шашин бий. Бурхны номонд асархуйн сэтгэл, энэрэхүйн сэтгэлийг дэлгэрүүлэх хэрэгтэй гэж бурхны сургаальд айлдсан байдаг. Бүх шашин асрахуйн сэтгэл, энэрэхүйн сэтгэлийг айлдсан. Эдгээр олон шашин эв нэгдэлтэй байх нь чухал. Хүний бодол, санаа өөр хоорондоо ялгаатай байдаг болохоор үзэл сургааль нь өөр өөр болох нь гарцаагүй юм.
Би Түвд хүн. Түвдийн улс төрийн тэргүүний ажлаа би 2011 онд шилжүүлж өгсөн. Сонгуулиар сонгогдсон хүн цаашид улс төрийн тэргүүний ажлыг авч явна. Надад одоо улс төрийн үүрэг, хариуцлага байхгүй болсон. Харин номын үйл хэргийг авч явах үүрэг үлдсэн. Тиймээс Түвдийн шашин, соёл, хэл бичгийг түгээн дэлгэрүүлэхээр зүтгэж байна. Бурхны ном, шашин соёлоо Түвдийн ард түмэн авч яваа гэж хэлэхэд болно. Мэргэдийн уламжлуулж ирсэн сургаалийг сүсэглэсэн төдийгөөр цааш нь авч явах боломжгүй. Учир шалтгааны үүднээс судалж, ойлгож авч явах ёстой. Би 30-аад жилийн өмнөөс учир, шалтгааны үүднээс судалсан номоо шинжлэх ухааныхан, эрдэмтэдтэй ярилцаж, холбоо тогтоож ирсэн юм. Түвдийн шашин, соёлыг уруудан доройтуулахгүй байх, түүний орчныг хамгаалж явах үүргээ би үхэн үхтлээ биелүүлэх болно.
Монгол, Түвд орны хувьд 3000 жилийн өмнөөс холбоотой, барилдлагатай байсан ард түмэн. Түвдийн шашин дэлгэрэхээс өмнө ч бид холбоотой байсан болов уу. Хүний төрлөөр нь аваад үзвэл монгол хүүхэд төрөхдөө хондлой дээрээ хөх төлбөтэй төрдөг шиг түвд хүүхдүүд ч тийм толботой төрдөг. Бид үүгээрээ адилхан. Шашин, соёлоор нь аваад үзсэн ч азиудад адилхан зүйл олон байжээ. Монгол оронд шашин шүтэх, шашны ном үзэх хориотой байсан ч өнөөдөр сайхан цаг ирсэн. Та бүхэн их хичээл, зүтгэл гаргаж байгаад талархаж явдаг шүү. Мэргэдийн дамжуулж ирсэн номыг сүм, дугана барьснаар, хурал хурснаар авч явахад хэцүү. Гол нь суралцах хэрэгтэй. Эртнээс хэлж ирсэн үгээ одоо ч хэлье. Та бүхэн номд сайн суралцаарай гэдгийг дахин дахин хэлье. Энэтхэгт Оросоос болон Өвөр Монгол, Монгол Улсаас очсон 600 орчим лам, хувраг бурхны ном үзэж байна. Зарим нь 15-16 жил номоо үзээд гэвш болоход ойрхон ирчихсэн. Тэдгээр хувраг Монгол орондоо шашныг дэлгэрүүлэхээр зүтгэх нь гарцаагүй гэж итгэж байгаа.
Монголын Богд Жэвзүндамба Жэвзүндамба хутагт бол агуу түүхтэй лам. Урьд урьдын далай ламуудтай ч барилдлагатай хүн байсан. IX Богд Жэвзүндамба таалал төгсөхийнхөө өмнө “Би хэзээ, хаана таалал төгсөх вэ. Дараа нь хаана эргэж төрөх вэ” гэж надаас асууж байсан нь гайхамшигтай тохиол байлаа. Хамгийн сүүлд уулзахдаа би түүнд “Таны лагшин чилээрхүү байна. Нас сүүдэр чинь өндөр боллоо. Та дараа төрөлдөө яах вэ гэдгээ болгоох хэрэгтэй. Таны дараагийн төрөл авах газар Монгол шүү” гэж айлтгасан юм. IX Богдын дараагийн дүрийг тодруулах нь миний гарцаагүй үүрэг. IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай.
Би түвд хүмүүст “Өндөр суудалд сууснаар шашныг авч явдаггүй юм шүү” гэж хэлдэг. Түвдэд том лам, хувилгаан гэхээр эрдэм, ном нь аяндаа бий болчихсон юм шиг яриа байдаг. Ийм яриа бол эрт дээр үеэр бурхны номыг муу ойлгосон, буруу ойлгосны улбаа. Тиймээс бид энийг өөрчлөх ёстой. Энэ бол хоцрогдол. Энэ удаад би Монголд ирж чадсандаа баяртай байна" гэлээ.
Жич: Монголын Бурхан шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад, XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураасан билээ. Түүнээ хойш IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслол 2016 оны хоёрдугаар сарын 15-нд Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд болсон юм. Богд гэгээнтний шавь нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд багшийнхаа лагшин шүтээнийг дээдэс лам нарын адил уламжлал ёсоор бурханчилан, шүтээн болгон бүтээсэн нь энэ билээ.
- ИНГЭЭД ТЭРЭЭР СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН ЗАРИМ АСУУЛТАД ХАРИУЛСАН ЮМ.
Гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгч:
-Та АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ямар бодолтой байна вэ?
-АНУ-ыг чөлөөт ертөнцийг удирдан дагуулж буй нэгэн үндэстэн гэж үздэг. Сонгууль ямар болсноос үл хамааран эцсийн эцэст америкчууд өөрсдөө сонголтоо хийсэн. Хэдийгээр сонгуулийн өмнө ерөнхийлөгчид нэр дэвшигч санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлж байсан бол ерөнхийлөгч болсноор өөрийн үг, үзэл бодол, алсын хараа, үйлдлээ бодит байдалтай уялдуулах хариуцлагыг үүрэх болно. Удахгүй АНУ-д хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга ирэх байх. Тэр үед нь би айлчилж очно.
–IX Богдын хойд дүрийг тодруулах ажил нарийн болсон гэж үзэж байгаа. Та үүнд тайлбар өгнө үү?
-Түрүүн хэлсэн. Тодруулах талаар нарийн мэдээллийг одоо өгөх хэрэггүй байх. Х Богд нялх, жаахан байна. Том болохоор нь энэ талаар тодорхой хэлж болно.
-Х Богдыг тодруулахад гадна, дотны шахалт байсан уу. Далай лам Х Богдыг зарлахаар ирж байна гэсэн хүлээлт байсан шүү дээ?
-Дарамт, шахалт үзүүлсэн асуудал байхгүй.
-Таныг Монгол Улсад айлчлах үеэр БНХАУ-ын засгийн газраас хоёр ч удаа мэдэгдэл гаргасан. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал байнга тавьдаг. Би энэ дэлхийн бурхны шашинтай улсуудаас Монгол, Японд л чөлөөтэй ирж, очиж чаддаг. Бусдад нь очиж чаддаггүй. Уг нь би бурхны шашинтай хүн ч бурхны шашинтай улсад очиж чадахгүй байна гэдгийг тоглоом, шоглоом болгон хэлдэг. Хятадыг аваад үзье. Энэ улсад бурхны шашинтай 400 гаруй сая хүн бий. Тэдний зүгээс намайг айлчлаач гэж байн байн урьдаг. Бодит байдлыг хэлэхэд, би 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа. Хятадын засгийн бодлого бол намайг салан тусгаарлагч гэж үздэг. Би Түвдийг тусгаар тогтносон улс болгоно гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэдэж буй. Зарим хүн “Түвдийг тусгаар улс болгохын төлөө явахгүй байна” гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар бус хоёр улсад харилцан тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж ирсэн.
-Бурхны шашны гурван өндөрлөг гэгддэг Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба хутагтын хойд дүрийг тодруулах асуудал дандаа маргаан дагуулж байдаг. Ванчин Богд л гэхэд таны тодруулсан, Хятадын Засгийн газрын өргөмжилсөн гээд хоёр хүн бий. Х Богдыг тодруулах явцад ямар асуудал гарах бол оо. Таны хүлээн зөвшөөрөөд буй хүүхдийг Ванчин Богд хүлээн зөвшөөрөхгүй ч байдаг юм уу. Ийм ойлгомжгүй асуудал бий болвол яах вэ. Та ямар бодолтой байна?
-Тийм ээ, тийм. Ванчин Богд одоогоор хоёр болчихоод байна. Магадгүй ирээдүйд Далай лам хоёр ч болж магадгүй. /инээв/ Тэгвэл гайхаад байх зүйл биш ээ. Улс төрийн асуудал бол жаахан шалтгаан гарахад л хувирч өөрчлөгддөг. Гол нь бурхны ном, ишлэл, онолын сургаалиа сонсч, мэдэж, хүртээж, дэлгэрүүлэх нь чухал. Түүнээс биш Ванчин Богд, Далай ламыг залчаад яваах байх нь чухал биш. Би Далай лам гээд хүнтэй дээрээс харилцах нь утгагүй. Бурхны сургаальд хуврагууд бурхны шашныг авч явна гэсэн болохоос биш ганц лам гээгүйг санах хэрэгтэй гэснээр асуулт хариулт өндөрлөв.
Түүнээс хамгийн сүүлд гадны нэгэн сэтгүүлч дэлхийн дулаарлын талаар асуусан. Харин тэрээр “Хичээж, зүтгэж чадвал бүгдийг өөрчилж болно” гэх энгийн хариулт хэлээд, инээмсэглэн гарч явлаа.
Дээрхийн гэгээнтэн Далай ламын Монголд хийж буй ес дэх айлчлал өндөрлөж, өнөөдөр буцлаа.
Тэрбээр маргаан дагуулсаар буй Х Богдыг тодруулж, энэ асуудалд цэг тавьжээ. Ямар хүүхэд IХ Богдын дараагийн дүрээр тодорсныг 3-5 жилийн дараа бид мэдэх л үлджээ.
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ БИЧЛЭГЭЭС ҮЗНЭ ҮҮ.
Л.ХАЛИУ