“Ил тод байдлыг дэмжих түншлэл” төрийн бус байгууллага (ТББ)-аас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийг оролцуулсан “Ил тод байдал” форумыг өнөөдөр /2016.11.23/ зохион байгууллаа. Тус форумаар төрийн байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийн ил тод байдал, нээлттэй байдлыг бодит үр дүнд хүргэх, үр дүнд хүргэх арга замын талаар хэлэлцлээ.
Төрийн байгууллагын ил тод байдлыг хангах, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх Шилэн дансны хууль байдаг ч энэ хуулийн хэрэгжилтэд төрийн байгууллагууд идэвх муутай ханддаг, олон нийтэд ил тод байлгах сонирхол бага байдаг гэдгийг шүүмжилж байлаа. Энэ талаар Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн С.Оюунтуяа хэлэхдээ “Төрийн байгууллагууд вэбсайт ажиллуулаад түүнийгээ ил тод байдал мэтээр ойлгох хандлага их байдаг. Үүнийгээ иргэдэд нээлттэй байдал, иргэд өөрсдөө ороод унших ёстой, иргэд мэдээлэлгүй байна гэсэн шүүмжлэл хэлдэг. Иргэд ч ямар хууль тогтоомж батлагдаж байна, энэ нь өөрийнх нь эрх ашигт нийцэж байгаа эсэхэд санаа тавьдаггүй, төр нь ч иргэдээ оролцуулдаггүй байсаар өдийг хүрсэн. Хуулиндаа бол аливаа хууль тогтоомжийг өргөн барихаас өмнө иргэдээс санал авна гэсэн заалт бий. Гэтэл төрийн хууль тогтоох төвшнийхөн нь иргэд, аж ахуй нэгж, иргэний нийгмийн байгууллагаасаа асуудаггүй, иргэд нь оролцдоггүй байсаар ирсэн. Тиймээс иргэн, төрийн хооронд гүүр болох үүднээс төрийн байгууллагууд төрийн байгууллагын ил тод байдлыг нээлттэй болгоход анхаарч ажиллах үүднээс энэхүү форумыг зохион байгуулж байна. Нэг үеэ бодвол төр төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллах тал дээр нааштай ханддаг болсон. Цаашдаа бид хамтраад ажиллавал иргэд нь мэддээллээ олж авдаг, аливаа хууль тогтоомж батлагдах, хэрэгжихэд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг болох юм” гэлээ.
Харин төрийн байгууллагын зүгээс мэдээллийн ил тод байдлаа хангаж ажиллахад иргэдийн оролцоо мөн төрийн бус байгууллагын оролцоо чухал үүрэгтэй. Энэ талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын хэлтсийн дарга Б.Отгонцэцэг “Төрийн байгууллагууд нээлттэй болох, иргэдэд мэдээллээ ил тод түгээхэд дангаараа оролцох боломжгүй байдаг. Иргэдийг энэ мэдээллийг унш, үз гээд тулгаад байх боломжгүй учраас бид иргэдийнхээ мэдээлэл олж авах боломжийг нь бүрдүүлэх чухал. Гадны улс орнууд иргэддээ мэдээллээ ил тод байлгахын тулд тодорхой арга хэмжээнүүд авдаг. Жишээлбэл, ОХУ-ын Сангийн яам вэбсайтдаа орсон мэдээлэл бүрээр иргэдийнхээ дунд уралдаан зарладаг. Тухай яамнаас гаргасан зардал, хөрөнгө оруулалт зэргээр шог зургийн эсвэл тооцооллын гэх мэт уралдаан зарлаж иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлдэг. Тэгвэл бид төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтраад энэ ажлыг хийх боломжтой гэж харж байна. Манай Сангийн яам гэхэд Шилэн дансны хуулийн дагуу мэдээллээ ил тод байлгах, иргэдэд мэдээллээ ойлгомжтой, нээлттэй байлгах үүднээс бүх мэдээллээ хамгийн түрүүнд оруулах гэх мэт ажлуудыг хийгээд эхэлж байна” гэсэн юм.
“Ил тод байдал” форум хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хэлэлцүүлгээс гарсан үр дүнгийн талаар холбогдох байгууллагад шаардлага хүргүүлж, хамтран ажилладаг юм байна. Хаалттай байгаа төриийн байгууллагуудыг нээлттэй болгох, төрийн байгууллагын ил тод байдалд идэвхитэй оролцуулахад онцгой анхаарч ажиллана гэдэг дээр форумд оролцогчид санал нэгдлээ.
Ш.ЧИМЭГ