Шинжлэх ухааны парк, технологийн төв байгуулах ажилд Хятадын талаас тусламж үзүүлэхээр болжээ. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаа жил хүртэлх хугацаанд Хятад улсын лаборатори, техник дээр ажиллуулж, туршлага солилцох замаар хамтарч ажиллахаар болсон. Харин энэ хугацааны судлаачдын цалин хөлс, зардлыг Хятадын Засгийн газрын дэмжлэгээр шийдэхээр болсон хэмээн өнөөдөр болсон "Шинжлэх ухаан-технологи-инноваци-2016" үзэсгэлэнгийн үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээллээ. Харин энэ салбарт зарцуулах төсвийн тухайд тэрбээр “Шинжлэх ухаан, судалгааны байгууллагад зарцуулдаг төсвийг тав дахин нэмэгдүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ жил улс орны эдийн засгийн нөхцлөөс үүдээд төдийлөн сайн нэмж чадаагүй. Гэхдээ цаашид энэ салбарын төсвийг нэмж, анхаарч ажиллана гэдгээ хэлье” гэсэн юм.
Эвэрт үлэг гүрвэлийн толгойн яс, махан идэшт тэмээн хяруул маягийн үлэг гүрвэлийн яс зэрэг ховор бүтээлийг өнөөдөр нээсэн "Шинжлэх ухаан-технологи-инноваци-2016" үзэсгэлэнд дэлгэжээ. Энэ бүтээл нь олдворын эх хувь биш аж. Олдворыг олж, судалсны дараа хэвийг нь авч цутгасан, нэг ёсондоо хуулбар юм байна. Палеонтологийн олдворыг ингэж ориг хувилбараас нь хуулбарлах технологи нь Монголын хувьд шинэ зүйл юм. Яг үүн шиг, шинжлэх ухааны салбарын шинэ технологи, бүтээл, загварыг олонд дэлгэдэг “Шинжлэх ухаан-технологи-инноваци” үзэсгэлэн өнөөдөр /2016.11.23/ Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.
Энэ жилийн хувьд эрдэм шинжилгээний 30 байгууллага, 10 их, дээд сургууль, 21 гарааны компани, хувийн хэвшил, хоёр төрийн бус байгууллага гээд 60 гаруй байгууллагын 200 гаруй нэр төрлийн бүтээл дэлгэгджээ. Энэ удаад шинжлэх ухаан технологийн сангаас 2013-2016 онд санхүүжилт авсан байгууллагууд шинэ олдвор, шинэ бүтээл үр дүнгээ тайлагнаж байгаа нь энэ юм. Үзэсгэлэнд метал, газрын ховор элемент, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний загвар, мөн археологийн ховор бүтээл, шинжлэх ухааны салбарын шинэ технологийг танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн онцлох бүтээлийн нэг нь дээр дурдсанчлан палеонтологийн олдворыг эх загвараас нь хэв авч цутгах ажил аж. Энэ төрлийн лаборатори өмнө нь Монголд байдаггүй байжээ. Улмаар ховор олдворыг эх хувиар нь музейд тавьж, эргээд зарим эд ангиуд нь алдагдах нь элбэг тохиолддог байв. Тэгвэл “Шинжлэх ухаан-технологи-инноваци” төслийн хүрээнд Засгийн газраас тодорхой төсөв авсны дүнд Монгол Улс энэ төрлийн лабораторио байгуулж, туршилтын бүтээлээсээ өнөөдөр олонд дэлгэлээ.
Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар “Дэлхий нийтэд ховор олдворыг эх хувиар нь музейд тавьдаггүй. Эх загвараас нь хэв авч цутгасан хувилбарыг тавьдаг. Харин эх олдвороо судалгаа, шинжилгээний ажилдаа ашигладаг. Харин ийм лаборатори Монголд байгаагүй өдийг хүрсэн. 1980 оны үед улсын төв музейд тавигдсан трабозавр батаарын бүтэн хэлхээ ясыг хүрээлэнгийнхэн хүлээж авахад олон зүйл алдагдсан, зарим зүйлийг утасны дамраар орлуулсан байсан. Иймээс л олдворын ориг загварыг музейд тавихаас татгалздаг. Монгол Улс палентологийн олдвор, тэр дундаа үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд тэргүүлэх орны тоонд ордог. Тиймээс олдвор бүрийг хадгалж үлдэхийн тулд инновацийн төсөл дэвшүүлж улсаас санхүүжилт авч лаборатори байгууллаа. Эхний туршилтаа хийж үзүүлж байгаа нь энэ” гэлээ. Ингээд лаборатори байгуулж, туршилт амжилттай болсон тул дараагийн ээлжинд ховор олдворуудаа загварчлах ажлыг хийхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна зөвхөн нэг ясыг судлах замаар тухайн амьтны өсөлт хөгжилт, хэдэн настайдаа үхсэн, хүйс гэх мэтчилэн бүх мэдээллийг тодорхойлох аргачлалыг энэ үеэр дэлгэн танилцуулсан юм. Энэ аргачлалыг Палеогистологийн судалгаа гэдэг аж. Уг судалгаа гарахаас өмнө жижиг яс бол жижиг амьтных, том яс бол том амьтных гэх зэргээр л тодорхойлдог байжээ. Харин энэ судалгааг гаргаснаар нүдээр харж болохгүй нарийн мэдээллийг олж авах боломж бүрдсэн байна. Тэгвэл энэ аргачлалыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх боломж бүрдэж, материаллаг бааз, судалгааны ажил бэлэн болжээ. Одоогоор энэ судалгааг тоть хошуутай үлэг гүрвэлд хийсэн хэмээн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Бадамхатан мэдээллээ.
Дашрамд дуулгахад, ирэх онд шинжлэх ухаан, технологи, инновацид 27 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.
Б.ЗАЯА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.АРИУНБОЛД