Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдааныг энэ сарын 29-ний өдөр БНХАУ-д хийхээр товлосон. Энэ хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг урд хөршийг зорих тухай эх сурвалж мэдээллээ. Гэтэл БНХАУ-ын тал Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалтай холбоотойгоор Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалыг цуцалсан тухай мэдээлэл өчигдрөөс эхлэн зарим хэвлэлээр цацагдаж эхэллээ.
Гадаад харилцааны яаманд одоогоор албан уулзалтыг цуцалсан тухай албан бичиг, нот огт ирээгүй гэдгийг тус яамнаас онцолсон. Харин У.Хүрэлсүх сайдын хэвлэлийн албанаас дээрх асуудлыг тодруулахад “БНХАУ руу ямар нэгэн айлчлал, уулзалт хийнэ гэсэн тов одоогоор гараагүй байгаа” хэмээн тайлбарлалаа.
Албан эх сурвалжуудын өгч буй тайлбараас үзэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдааныг цуцлаагүй, харин уг хуралд Шадар сайд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Д.УУДАМ