АН: Их хуралд оролцох гишүүдээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

АН: Их хуралд оролцох гишүүдээ тодруулна

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Энэ сарын эхээр хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-аар Д.Эрдэнэбатыг зургаадугаар их хуралд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар томилсон юм. Тиймээс зургадугаар их хуралд оролцох гишүүдийг хэрхэн сонгох талаар мэдээлэл өглөө.

Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдааны үндсэн гол зорилго нь Ардчилсан намын шинэ дүрмийг батлах явдал юм. Харин намын даргын асуудал яригдахгүй гэж ҮЗХ-ны хурлаар шийдсэн байдаг.

Ардчилсан намын зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд оролцогчдыг дараах байдлаар тодруулах аж. Үүнд:

  • Сум бүрээс нэг төлөөлөгч

  • Аймгийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид

  • НИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид

  • Дүүргийн ИТХ-д Ардчидсан намаас сонгогдсон төлөөлөгчид

  • ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд

  • Намын дэргэдэх байгууллагын төлөөлөл

Намын анхан шатны нэгжээс сонгогдож зургаадугаар их хуралд оролцох гишүүнийг сонгох хуралдаан арваннэгдүгээр сарын 26,27-нд аймаг, сум тус бүрт болно. Мөн хуралдааны үеэр намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж.

  • Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Үүнийг Ардчилсан намынхан дэмжих үү?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас өмнө Ардчилсан намын шинэчлэлийг шуурхай хийж, асуудлыг нэг тийш болгох ёстой гэдэг дээр бид санал нэгдсэн. Ардчилсан нам хэрхэн шинэчлэгдэж, хэрхэн зохион байгуулагдаж, хэр зэрэг нээлттэй болох нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлнө. Н.Алтанхуяг гишүүний хувьд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэх эрхтэй. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой хүмүүс нэлээд бий. Та бүхэн санаж байгаа байх 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд зургаан нэр дэвшигчийн сунгааг нам дотроо зохион байгуулсан байдаг. Энэ удаад ч ийм журмаар явна. Үндсэн дүрмийн шинэчлэлд намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх талаар яригдаж байна. Бид үүнийг хаана, хаанаа дэмжиж байгаа.

-Н.Алтанхуяг гэдэг хүнийг тойрсон баривчилгаа явагдаад байна. Энэ хүнийг өмгөөлж, хамгаалах талаар яригдсан зүйл байна уу?

-Энэ асуудлыг нам дээр өргөн хэлэлцэж байна. Зөвхөн Н.Алтанхуяг гэдэг хүнийг ч биш Ардчилсан намын лидерүүдийг баривчлан саатуулах, олон нийтэд элдэв сенсаци дэгдээж буй явдалд санал нийлэхгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд манай намынхан энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

-Фракцгүй болохыг анхан шатны нэгжүүд ил гаргахгүй ч нууцхан шаардаж байна. Танай нам фракцгүй болох боломж байгаа юу?

-Фракц гэдэг ойлголтыг явцуурч ойлгож болохгүй. Мэдээж хувийн ашиг сонирхол эрх мэдлийн төлөө нэгдсэн фракц байхгүй болох ёстой гэдэг дээр хүмүүсийн санал нэгдэж байна. Зөвхөн бодлогын хэмжээнд нэгдсэн гишүүд бүлэг байгуулах нь түгээмэл байдаг. Ардчилсан намын үндсэн дүрэмд албан ёсны ашиг сонирхлын төлөө фракц байгуулах ёсгүй гэдэг зүйл тусгагдаад явна гэж ойлгож болно. Нэг юмыг бүгд ойлгох хэрэгтэй. Бид улс орны төлөө нэгдсэн бодлогын хэмжээнд нэгдсэн нам байх ёстой болохоос хэн нэгнийг дагасан, ашиг сонирхлын төлөө нэгдсэн бүлэглэл байх ёсгүй гэдэг дээр бүгд санал нэгдэнэ гэж итгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж